
Олон улсын бараа эргэлт, эдийн засгийн хөгжлийг хурдасгах гол үзүүлэлт бол “Эдийн засгийн” чөлөөт бүс юм. Энэ бүсэд урамшууллын онцгой тогтолцоог багтаасан үндэсний эдийн засгийн орон зайн хэсэг гэж ойлгож болно.
Худалдааны чөлөөт бүсийн тухай ойлголт 2000 жилийн өмнө бий болсон түүхтэй. Ингэхдээ гол төлөв алс нутагт байгуулж, төрийн удирдлагын дор хөгжүүлж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 70-80 хувийг гадагш гаргадаг байж. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, шинэ технологи, ноу хауг татварын хөнгөлөлт, хямд ажиллах хүчээр солих бодлого байжээ. Харин манай улсын хувьд УИХ-ын 1995 онд баталсан 87-р тогтоолоор “Монгол Улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлал”-ыг анх баталсан байдаг. Улмаар 2002 онд Чөлөөт бүсийн тухай мөн ондоо “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль баталсан юм. Хэдийгээр эрх зүйн орчин бүрдээд бараг 20-иод жилийн хугацаа өнгөрч байгаа ч олигтой үр дүнд хүрч чадахгүй байна гэж бизнес эрхлэгчид учирлалаа. Чөдөртэй-Чөлөөт бүсийн чөдрийг тайлахад төрийн оновчтой бодлого, шийдвэр, хэрэгжилт хэрэгтэй болохыг тэд хэллээ. Хувиараа бизнес эрхлэгч Цогбадрах, "Ноосон зангилаа" дундын хоршооны дарга Цэнд-Аюуш нарын ярихыг сонсъё.
Ийнхүү хийж, хэрэгжүүлэх ажил байгаа учраас Чөлөөт бүсийн үйл ажиллагаа идэвхжүүлэх зорилгоор Монгол Уулсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Чөлөөт бүсийг эрчимжүүлж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын дэмжиж ажиллах”-аар тогтсон юм. Энэ хүрээнд “Алтанбулаг” хилийн боомтын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж эхэлжээ. “Алтанбулаг” хилийн боомтын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа Нью-Урбанизм компанийн захирал н.Туяа ингэж ярилаа.
Боомтын үйл ажиллагааг дэмжих хүрээнд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүдийн уулзалтуудын үр дүнд 2014, 2015, 2016 онд “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөр батлагдсан. Мөн өнгөрсөн онд “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн тодорхой төслүүдийг бодитойгоор хэрэгжүүлэхээр талууд тохирсон байдаг. Энэ оны хувьд нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх зорилт тавьжээ. "Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга н.Балжмаагийн яриаг дуулгая.
Засгийн газрын 2014 оны 153 дугаар тогтоолоор “Алтанбулаг” чөлөөт бүс нь байнгын үйл ажиллагааны дэглэмд шилжсэн. Өнөөдрийг хүртэл таван жилийн хугацаанд бараа болоод зорчигчдын тоо тав дахин өссөн нь чамлахааргүй үзүүлэлт гэдгийг албаныхан онцолж байлаа.
Худалдаа, үйлчилгээ, логистик гэдэг өөр хоорондоо харилцан хамааралтайгаар хөгждөг. Үүнийг хөгжүүлье гэвэл хөгжлийн суурь болох зам, цахилгааны асуудлыг бүрэн шийдэх хэрэгтэй.
Тухайлбал, "Алтанбулаг" чөлөөт бүсийг бүхэлд нь гэрэл, цахилгаанаар хангахад 15 тэрбум төгрөг шаардлагатай. Бүсийн үйл ажиллагааг сайжруулах, идэвхжүүлэх нь чухал. Өнөөдрийн байдлаар 80 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалж байна. Энэ бүс нутагт үйл ажиллагааны тусгай дэглэм үйлчилдэг учраас гааль болоод бусад татвараас хөнгөвчилсөн тусгай нөхцөл үйлчилдэг. Тодруулбал, дэд бүтэц болон үйлдвэрлэл эхэлсэн өдрөөс газрын төлбөрөөс эхний 10 жил 100 хувь чөлөөлнө. "Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга н.Балжмаа ингэж ярилаа.
Монгол Улсад хэрэгжүүлэх болсон төслүүдийг нэрлэвэл Азийн Авто замын сүлжээ барих, Төмөр замын Төв коридорын хөгжилтэй уялдаа холбоотой болох, Цахилгаан эрчим хүчний сүлжээ барих төсөл. Эдгээр төслийг ”Алтанбулаг” чөлөөт бүстэй уялдуулан хэрэгжүүлэх эдийн засгийн боломж бий гэдгийг эх сурвалжууд мэдэгдэж байлаа. Тус бүс нутгийг Ази, Европыг холбосон эх газрын хуурай боомт гэж үзэхээс гадна тээвэр логистик, ачаа тээврийн гол зангилаа төв гэж үздэг. Тэгвэл энэ боломжийг бид яаж ашиглах вэ. “Алтанбулаг” хилийн боомтын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байгаа Нью-Урбанизм компанийн захирал Туяа ингэж ярив.
Монголчууд бидний хойд үүд болох "Алтанбулаг" чөлөөт бүсийн хөгжил юу юунаас илүү чухал. Учир нь дэлхийн олон улс орон тэр дундаа Хятадын бизнесийнхэн биднийг сонирхоод эхэлж. Энэ боломжийг бид алдах эрхгүй. Чөлөөт бүс нь улсын төсвөөр тэтгүүлдэг биш өөрөө өөрийгөө санхүүжүүлээд зогсохгүй төсөвт хөрөнгө оруулдаг газар байх ёстой. "Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга н.Балжмаагийн та бүхэнд сонсгоё.
Зах зээлийн хараа өргөн байх нь ирээдүйн хөрөнгө оруулалтыг татах нэг боломж. Энэ боломжийг төр нь бүрдүүлдэг зарчим олон улсад бий. Жилийн 500 сая төгрөгийн төсөвтэй "Алтанбулаг" чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба ирээдүйд үр шимээ өгөх 500 тэрбумын ашгийн төлөө ажиллаж байна.
"Алтанбулаг" чөлөөт бүсийн өнөөгийн байдал, хөгжих боломж | ||
Үзсэн: 3368 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.