
Одоогоос гурван жилийн өмнө “Хараат бус судалгааны хүрээлэн” уул уурхайн салбарыг эхлэхээсээ дуусах хүртэл бүх шатандаа авлигын эрсдэл өндөртэй, хариуцлагагүй байдал дэндсэн салбар гэж дүгнэсэн байдаг. Яг өгсөн, авсныг нь тогтоож барьчихаагүй ч авлигатай холбоотой явган яриа байнга сонсогддог. Авлига гарах магадлал нь “өндөр түвшин”-д байгааг ч холбогдох албаныхан дуулгалаа. Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний газрын ахлах ажилтан н.Жаргалан ингэж ярилаа.
Эхлэхээсээ дуусах хүртэл бүх шатандаа авлигын эрсдэл өндөртэй нэгж бол Улс төрийн хүрээлэл гэж судлаачид үзэж байна. Мөнгөн дүн нь маш өндөр, талуудын сонирхол их, эрх мэдэлтэй байдал зэрэг нь өндөр эрсдэлтэй гэж үнэлэхэд хүргэжээ. Хэдийгээр жижиг авлигатай тэмцэж байгаа ч томыг нь барьж, хязгаарлаж чадахгүй байгааг олон баримт илтгэнэ. Тухайлбал, 2009 онд Жаст группын захирал Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, нэр бүхий дарга нарын гарын үсгээр баталгаажуулан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая америк доллар зээлсэн байдаг. Үүний цаана өндөр түвшний авлига ил, далд хэлбэрээр байхыг эх сурвалжууд үгүйсгээгүй.
Авлига цэцэглэх хамгийн таатай орчин бол байгалийн баялагтай, техник технологийн хувьд хараат, хөгжингүй буурай орнууд гэдгийг түүх нэгэнт баталсан байдаг. Тухайн улсын байгалийн баялгаа түшин хөгжих сонирхолд тулгуурлан гадны хөрөнгө оруулагчид өөрт ашигтай хууль, шийдвэр гаргуулахын тулд эрх мэдэлтнүүдийг хахуульдах, хуулийн цоорхойг ашиглах зэргээр хөдөлгөдөг. Улмаар эдийн засгийн эрүүл бодлого алдагдаж ард иргэдийн амьжиргааны түвшин доошилдог. Авлига нь төр, нийгмийн тогтвортой, аюулгүй байдалд саад учруулдаг. Мөн ардчилсан тогтолцоо, нийгмийн үнэт зүйлс, ёс суртахууны үнэ цэнийг үнэгүйдүүлж аажмаар хууль дагаж мөрдөх ёсыг устгадаг. Үүнийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн учраас 2003 онд НҮБ-аас “Авлигын эсрэг” конвенц баталсан байдаг. Харин манай улс 2005 онд нэгдэн орсон түүхтэй. Гэвч өнөөдөр байдал хүнд байгааг “Үндэсний стратегийн хүрээлэн” төрийн бус байгууллагын тэргүүн н.Мөнхсоёл онцоллоо.
Монгол Улс Дэлхийн авлигын атлас гэгддэг жагсаалтад 2016 оны түвшнээс 2017 онд 16 байр урагшилсан байна. Авлигаараа улам “мундаг” болж байгааг батлах баримт энэ боллоо гэж Германы Берлинд төвтэй “Трансперенси интернешнл” байгууллага Дэлхийн 2017 оны авлигын төсөөллийг танилцуулахдаа онцоллоо. Харин 2018 онд манай улс 37 оноо авсан байна. 40-өөс доош оноо авах нь тухайн улс оронд шүүх, прокурорын байгууллагын хараат бус байдал алдагдсаныг илэрхийлдэг. Энэ байдал даамжирч газар авбал “Ардчиллын тогтолцоо” суларч “Авлига” улам бэхждэг гэж судлаачид тайлбарлалаа. Иймд авлигыг зогсоох хамгийн шилдэг арга бол шүүх засаглалын хараат бус байдлыг хангах, иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэх мөн хэвлэлийн эрх чөлөөг хангах явдал гэж “Трансперенси интернешнл” байгууллагын гүйцэтгэх захирал н.Батбаяр хэллээ.
Авлига Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж, түгшүүрийн харанга хэдийнэ дэлдсэнийг “Трансперенси интернешнл” байгууллагын гүйцэтгэх захирал н.Батбаяр анхаарууллаа. Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд: Үндэсний аюулгүй байдал гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоодын таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ. Мөн “Үндэсний язгуур сонирхол”-д Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэл, эдийн засаг, нийгмийн аюулгүй тогтвортой байдал багтана гэж заасан байдаг. Эдгээрийн аль нэг алдагдахад Үндэсний аюулгүй байдал ганхаж эхэлдэг жамтай. Тэгвэл авлигатай тэмцэх гол суурь нь “Төрийн зөв бодлого, шударга улс төрчид, цоорхойгүй хууль, тэгш хяналт, хуулийн байгууллагын улс төрөөс ангид хараат бусаар ажлаа явуулах боломж” гэдгийг судлаачид онцоллоо. “Үндэсний стратегийн хүрээлэн” төрийн бус байгууллагын тэргүүн н.Мөнхсоёл ингэж ярьж байна.
Шийдвэр гаргах түвшинд хамаатай, хууль эрхзүйн хуудуутай, бүрхэг байдлаас үүдэн авлигад өртөх эрсдэл олон байгааг судлаачид ийнхүү тоочиж байна. Иргэдэд тэгш, шударга, чанартай үйлчилгээ үзүүлэх учиртай эрүүл мэнд, боловсролын салбар авлигын үзүүлэлтээрээ толгой цохиж байна. Мөн барилга, уул уурхай, улс төрийн хүрээний авлига байсаар байгааг Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албаны дарга н.Шинэбаяр хэллээ. Ганц манай байгууллага авлигатай тэмцээд үр дүн гарахгүй. Иймээс бид тогтолцооны өөрчлөлтийг бүхэлд нь тууштай хийхгүй бол энэ байдал газар авсан хэвээр байх болно гэдгийг тэрбээр тодотголоо.
Өндөр түвшний авлига, хууль бус мөнгөний урсгалыг таслан зогсоож, цаад агуулгаараа Үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх алхам бол НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх амлалт юм.
Авлигын гэмт хэрэг Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх нь | ||
Үзсэн: 1842 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.