
АНУ-ын Хууль зүйн яам Туркийн “Халкбанк” нэртэй банкийг Америкаас Ираны эсрэг авсан хоригийг зөрчсөн, луйвар хийсэн, мөнгө угаасан хэрэгт буруутгалаа. Энэ дагуу Нью-Йорк хотын Өмнөд тойргийн Холбооны шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай Хууль зүйн яамны мягмар гарагт гаргасан мэдэгдэлд тэмдэглэжээ.
Төрийн өмчит “Халкбанк”-ийг АНУ-ын Ираны дэглэмийн эсрэг хоригийг тойрч, Иранд хэдэн тэрбум доллар олгох схем зохион байгуулсан гэж АНУ-ын Хууль зүйн сайдын Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жон Демерс мэдэгдсэн байна. Тухайлбал, “Халкбанк” нь 2012-2016 оны хооронд Иранд Америкийн санхүүгийн системд нэвтрэх боломж олгосон гэж үзэж байна. Энэ банк түүнчлэн Тегераны засаг захиргаанд газрын тос, хийн борлуулалтаас олсон ашгаа хүртэхэд тусалсан, мөн алт авсан гэжээ. Энэ талаар Иран, Туркийн албан ёсны эх сурвалж ч мэдээлэл өгсөн гэсэн байна.
“Халкбанк”-нд Ираны засаг захиргааны хэдэн тэрбум доллар хадгалаастай байгаа гэж Америкийн талын эх сурвалж мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, энэ банкаар дамжуулан Ираны талд 20 тэрбум орчим ам.доллар шилжсэн, ингэхдээ Арабын Нэгдсэн Эмират улсын зарим байгууллагыг энэ ажилдаа татан оролцуулсан гэж байна.
Энэ асуудлаар Вашингтон дахь Туркийн Элчин сайдын яамны төлөөлөгч тайлбар хийхдээ “Халкбанк”-ийг ямар нэгэн хэргээр буруутгах нь хоёр талын харилцаанд сайнаар нөлөөлөхгүй гэсэн байна.
Америкийн тал Туркийн “Халкбанк”-ийг нэг бус удаа буруутгаж байсан юм. Өнгөрсөн оны нэгдүгээр сард л гэхэд Нью-Йоркийн шүүхээс тус банкны дэд дарга Хакан Атиллаг Иранд газрын тос, хийн худалдаанаас олсон мөнгөө шилжүүлэхэд туслалцаа үзүүлсэн гэж үзсэн. Удалгүй Атиллаг Америкаас Туркт шилжүүлэхээр болсон билээ.
Мөн Иран-Туркийн бизнес эрхлэгч Реза Зарраб ч энэ хэрэгт орооцолдож, гурван жилийн хорих ял сонссон байдаг. Атиллагийн хэргээс болж Анкара Вашингтоныг хэд хэдэн удаа хурцаар шүүмжилж байсан юм. Энэ хэрэг Анкара-Вашингтоны харилцаанд сөргөөр нөлөөлсөн гэж Туркийн засаг захиргаанаас тэмдэглэж байлаа. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы хувьд АНУ-д банкирыг шүүсэн асуудлыг тус улсад дарамт шахалт үзүүлэх гэсэн оролдлого гэж мэдэгджээ.
АНУ-ын Хууль зүйн яам Туркийн “Халкбанк”-ийг мөнгө угаасан хэрэгт буруутгалаа | ||
Үзсэн: 675 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.