Шууд Chart

Б.Төгөлдөр: Стэнд ап комеди хүнийг “донтуулдаг”

2019-10-24 10:45:24

Хошин урлагийн стэнд ап комеди төрлийг Монголд түгээн дэлгэрүүлж буй “Инээдмийн лаборатори” буюу “Comedy lab” клубийн комедиан Баатарын Төгөлдөр(Хар Төөгөө)-тэй ярилцлаа. Тэрбээр энэ сарын 26-нд “Амьдрал” комеди шоугаа “Аса” циркт үзэгчдэдээ хүргэх гэж байна.

Хүүхэд нас минь Улсын цирк, филармонид өнгөрсөн

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ойрын сонин сайхнаасаа хуваалцаач?

-Баярлалаа. Би комедигийн хажуугаар “Arri Mongolia” рекламын компани удирддаг. Манай компани зун хэсэг амарсан. Одоо байгууллагуудын үйл ажиллагаа жигдэрч байгаа учир рекламны ажлууд нэмэгдэж байна. Орой нь “Comedy lab” клубдээ тоглолтод оролцож байгаа. Мөн энэ сарын 26-нд буюу нөгөөдөр “Аса” циркт “Амьдрал” тоглолтоо хийхээр бэлтгэл ажлуудаа хангаж байна.

-Танай гэр бүлд урлагийн хүн байсан уу. Хар Төөгөө урлагтай хэрхэн холбогдов?

-Манай ээж нягтлан бодогч мэргэжилтэй. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг төгсөөд насаараа мэргэжлээрээ ажилласан. Аав Нийслэлийн түргэн тусламжийн төвд жолоочоор ажиллаж байсан. Харин өвөө Улсын циркт жүжигчнээс эхлүүлээд уран сайхны удирдаач, дарга хүртэл хийсэн байдаг. Эмээ анх Улсын циркт агаарын гимнастикч байсан юм. Өвөө, эмээ залуудаа бага хүүтэйгээ Төв шуудангийн өмнө явж байгаад автобусанд мөргүүлсэн юм билээ. Тэгээд эмээгийн нэг хөл гэмтээд Улсын филармонид аж ахуйн ажил хийсэн. Би өвөө, эмээгийн амины хүүхэд байсан учир бага нас минь Улсын цирк, филармонид л өнгөрсөн. Тухайн үеэс л урлагт татагдаж, ойртож эхэлсэн болов уу.

Мөн манай гэр 220 мянгатад байсан. Тухайн үед 220 мянгатад сэхээтнүүд болон дийлэнхдээ урлагийн ажилтнууд амьдардаг байсан. Манай орцны дөрвөн давхарт гавьяат жүжигчин З.Пүрэв гуай байдаг байлаа. Гурван давхарт гавьяат жүжигчин “Чингис хаан” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан ахын аав урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт уран барималч Ч.Дашзэвэг гуай амьдарч байсан. Байраа яривал урлагийнхан бүр олон.

-Жүжигчин, хөтлөгч Г.Анхбаяр та хоёр багийн найзууд гэсэн. Хэзээнээс танилцаж нөхөрлөсөн бэ?

-Намайг багад Шарга морьтын зуслангийн нэгдүгээр буудалд дан циркийн уран бүтээлчид, ажилтнуудын байр байдаг байсан. Би өвөө, эмээтэйгээ зусландаа гарна. Тэр үед Анхаагийн өвөө “Зэрэг нэмэхийн өмнө” монголын уран сайхны киноны Боролдойн дүрийг бүтээсэн, гавьяат жүжигчин, нэрт алиалагч, Б.Содном гуай зусланд гарч байсан. Тэр үеэс гэхээр зургаан настайдаа Анхаатай танилцаж, одоог хүртэл нөхөрлөж байна.

2016 оны аравдугаар сард Анхаа надад кино зохиол хамтарч бичих санал тавьж, “Гацуурхан” киноны зохиолыг бичсэн. Кино амжилттай болж, урамшаад бид телевизийн реклам хийдэг “Arri Mongolia” компаниа байгуулсан. Анхаа одоо “Монголд нэг удаа”, “Гурван сая инээд” контент дээр ажиллаж байгаа. Сүүлд “Огтлолцол” киноныхоо нээлтийг хийсэн. Энэ ажлуудаас нь шалтгаалаад би компаниа 100 хувь хариуцаад ажиллаж байна.

Оюутан байхдаа АСК, “Онигоо” улсын уралдаанд оролцож байсан

-Өөрийн тань эзэмшсэн мэргэжил урлаг, уран сайхнаас тэс хол юм билээ?

-Арван жилээ төгсөх үед СУИС-д шалгалт өгье гэсэн бодол байсан. Гэтэл тухайн үед эдийн засагч эсвэл хуульч мэргэжил эзэмшвэл ирээдүйтэй гэсэн яриа их явдаг байлаа. Ээж ч урлаг хэцүү гээд би 2002 онд одоогийн Санхүү эдийн засгийн их сургуулийн нягтлан бодогчийн ангид элссэн. Би уг нь 2006 онд төгсөх байсан ч урлаг, уран сайхан гэж гүйж байгаад мэргэжлийнхээ нэг хичээл дээр уначихлаа. Унасан хичээлээ нөхөж судлаад нэг семестрийн дараа их сургуулиа төгсөж, 2007 онд Чингис хаан банканд ажилд орсон.

-Урлаг, уран сайхан гэхээр ямар тэмцээнд оролцож байв?

-Оюутан байхдаа дөрвөн жил сургуулийнхаа урлагийн үзлэгийг “базсан”(инээв). Төгсдөг жилээ Баянзүрх дүүргийн их, дээд сургуулийн оюутан залуусын дунд зохион байгуулсан Авхаалж сэргэлэнчүүдийн клуб буюу АСК тэмцээнд оролцож, дүүргийн аварга болсон.

Мөн тухайн үед “Онигоо” улсын уралдаан болдог байлаа. Би гурван жил дараалан СЭЗДС (одоогийн СЭЗИС)-ийн аваргаар шалгарав. 2007 онд “Онигоо” улсын уралдаан болоход манай сургуулийн баг долдугаар байрт орсон. Тэр жилийн тэмцээнд “Зууны манлай онигооч”, цэргийн начин, соёлын тэргүүний ажилтан А.Тэгшээ агсан, “Захиалгат инээд”-ийн Мөөжиг болон Чапи ах оролцож байсан. Тэр мундаг хүмүүстэй хамт тайзан дээр гарсны дараа яаж энэ ах нар шиг мундаг хошигнодог, хүн инээлгэдэг болох вэ гэсэн бодолд хөтлөгдөж байлаа. Тухайн үед Бөхийн өргөөнд боксын ринг шиг тайз засчихсан. Тайзан руу багаараа гараад гурван тийшээ харж ярьсныг сайн санаж байна.

-Стэнд ап комедигийн үүсэл хөгжил хэдий үеэс эхлэлтэй вэ?

-Анх 1800-аад онд Англид “Шекспирийн бөмбөрцөг” театрт жүжгийн үзэгдэл шилжих хооронд алиа салбадай үзэгчдэд хошин үзүүлбэр үзүүлдэг байсан. Үүнээс санаа авч нэг хүний хошин урлаг үүсч, Америкт тархаад өнөөгийн стэнд ап комеди болтлоо хөгжсөн. 200 гаруй жилийн түүхтэй урлаг гэсэн үг.

сүүлд 13 мянган үзэгчийн өмнө гарч инээлгэсэн

-Өөрийн тань хувьд энэ төрөлтэй хэзээ танилцав?

-Би 2010-2013 онд санхүүгийн шинжээч мэргэжлээр Английн Лондонд мастерын зэрэг хамгаалсан юм. Тэнд сурч байхдаа Аполло ордонд болон “Комеди централ” клубт стэнд ап шоу үзэж энэ урлагтай танилцсан. Тэр үеэс л Монголд энэ төрлийн урлагийг хөгжүүлэх юмсан гэж бодсон. 2015 онд манай клубийн комедиан Тулгаа(Б.Гантулга) Батаатай холбож өгч, тухайн үеэс комеди хийх болсон. Анх 30 гаруй хүнтэй зааланд комеди ярьсан үзэгчид бүгд инээлээ. Энэ тухайгаа эхнэртээ хэлтэл намайг дэмжсэн. Ийн жил гарны дараа “Crocus” центрт 1000 гаруй үзэгчтэй танхимд “A-sound” хамтлагийн тоглолтыг хөтлөхөөр болов. Тайз руу гарахынхаа өмнө би ер юу хийж байнаа л гэж гэж бодсон. Харин тайз руу гараад өөрийн бэлдсэн “Унгас бол хайрын илэрхийлэл” сэдэвтэй комедигээ ярьсан. Дараа нь тухайн тоглолт “О” телевизээр цацагдаж, сүүлд сошиалаар тарж энэ контент хүмүүст сайн хүрсэн.

-Стэнд ап комедигээс авдаг хамгийн гоё мэдрэмж юу вэ?

-Би маш олон үзэгчийн өмнө гарч байсан. Сүүлд төрийн шагналт, дуучин Д.Болд ахын тоглолтын тайзанд гарч 13 мянган хүн инээлгэсэн. Комеди ярихад үзэгчдээс ирдэг инээд, тэр хариу мэдрэмж, энерги хүнийг “донтуулдаг”. Миний бодлоор заал тэр аяар инээх тэр мэдрэмж, энерги улам л урамшуулж, өшөө сайн үзүүлбэр бэлдэх хүч, урам зориг өгдөг.

-Зарим хүн телевизээр болон сошиалаар комеди шоу үзчихээд ямар ч инээдгүй байхад хүмүүс инээгээд байна гэж дүгнэдэг. Комедиг тухайн орчинд нь үзэх, бичлэгээр үзэх хэр их ялгаатай вэ?

-Маш их ялгаа бий. Яг тухайн орчинд нь амьдаар, тэр уур амьсгалд нь үзэх л хамгийн гоё. Бичлэг үзэгчдэд монтажтай хүрч байгаа. Тухайлбал, би миний өмнө ярьсан комедианы сэдвийг үргэлжлүүлж ярих тохиолдол бий. Зааланд сууж байгаа хүмүүс үүнийг ойлгоно. Харин бичлэгээр үзэж буй хүн ойлгохгүй учир сөрөг сэтгэгдлүүд бичдэг. Хүмүүс хайртай, дуртай дуучныхаа дууг гэртээ, ажил дээрээ, машиндаа гээд өдөр бүр сонсдог хэрнээ тоглолтыг нь очиж үздэг. Үүнтэй адил комеди шоуг амьдаар нь, тухайн заалны уур амьсгалд үзэх хэрэгтэй.

-Комедиан болох хүсэлтэй залуус олон бий. Тэдэнд хандаж юуг захих вэ?

-Зориг, цаг зав хэрэгтэй. Зарим хүмүүс найзын хүрээлэл дотроо инээдтэй хөгжилтэй зүйл ярьдаг хүнээ стэнд ап комеди хийх авьяастай гэж хардаг. Энэ буруу биш л дээ. Гол нь тайзан дээр гарахаар асар олон үзэгч, гэрэл, хөгжим гээд өөр л дөө. Манай “Comedy lab” клуб мягмар гараг болгон нээлттэй микрофон арга хэмжээ зохион байгуулдаг. Хүмүүс ирээд ярьж үзэх хэрэгтэй. Хэрвээ хүмүүсийг инээлгэж байвал бид эгнээгээ өргөтгөөд бүл нэмээд явна. Эсрэгээрээ би чадна гэж бодсон хүмүүс хэцүү гэдгийг нь мэдчихвэл бидний ажлыг ойлгоно гэж боддог. Миний хувьд арав гаруй жил урлаг уран сайхан гэж явсан, 2015 оноос хойш дөрвөн жил стэнд ап комеди хийж байна.

Шантрах үе байсан уу?

-Анх ажлынхаа хажуугаар орой комеди хийх хэцүү байсан л даа. Дуртай болохоороо л тэсч үлдсэн гэж боддог. Би ганцаараа ч тэгээгүй л дээ. Бид нар бүгдээрээ л тэгж эхэлсэн. Тэр үед хүмүүс сошиалд биднийг боловсролгүй, ямар их завтай юм бэ гэж муулдаг байсан. Бүгдээрээ их сургуулиа төгсчихсөн, тогтсон ажилтай мөртлөө тэгж хэлүүлэхээр шантрах бодол төрдөг юм билээ.

Монгол комедиан гадны зах зээлд гарч чадна

-Тухайн үед юу тайзан дээр татаж үлдээсэн бэ?

-Бид 200 хүний багтаамжтай зааланд тоглолтоо хийхээр боллоо. Тийм их хүн ирэхгүй байх, наймуулаа хүний 20 тасалбар таньдаг хүмүүстээ шахаад 160 хүн цуглуулах бодолтой байв. Гэтэл тэр өдөр тасалбар дуусч, 300 хүн цугласан. Бөөн баяр болоод дахин нэг тоглолт хийтэл мөн л заал дүүрлээ. Дараа нь “Корпорэйт” конвеншн центрт 1100 хүнтэй зааланд тоглолт хийхээр болтол тасалбар дуусч, 3-4 дахин өндөр үнээр шаглагдсан. Тэр тайзан дээр гараад комедигээ ярьтал заал тэр аяараа инээхээр нь би тайзан дээр үлдэх ёстой юм байна гэж сэтгэл шулуудсан.

-Стэнд ап комедигийн хөгжлийг цаашид хэрхэн хардаг вэ?

-Нийгмийг эмчлэх зорилгоор амьдралд болж буй элдэв асуудлыг хошин маягаар үзэгчдэд хүргэдэг урлаг. Тиймээс асуудал алга болохгүй бол стэнд ап комеди алга болохгүй.

Монголд энэ урлаг нэвтрээд, хөгжөөд тавхан жил болж байна. 10, 20 жилийн дараа бүр олон комедиан гарч ирэх байх. Мөн хүн бүр гадаад хэлтэй болчихсон, сурч байгаа өнөө үед гадны зах зээлд ч гарч чадна. Тухайн үед энэ төрлийг Монголд эхлүүлсэн хүний нэг нь гэж бодож, өөрөөрөө бахархаж суух байх даа.

-Та хэр сайн аав, өрхийн тэргүүн бэ?

-Би гурван хүүхэдтэй. Сайн аав, өрхийн тэргүүн байх гэж хичээж байна. Миний эхнэр Москвад их сургуулиа төгссөн. “Чингис хаан” банканд гадаад төлбөр тооцооны нягтлан хийдэг.

-Эхнэрээ ямар аргаар өөртөө дурлуулав?

-Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг яаж өөртөө татдаг тэр аргуудыг л хэрэглэсэн гэх үү дээ. Цайны цагаар цуг өдрийн хоол иддэг, орой нь хүргэж өгдөг. Манай хүн гадаад төлбөр тооцоо, банк хоорондын гүйлгээ хариуцдаг болохоор ажлын ширээнээсээ босохгүй. Би ч чихэр шоколад, ширхгийн хоол зөөдөг байсан. Дараа нь мессэж бичдэг болоод, цуг кино, тоглолт үзэж л дотноссон..

-“Амьдрал” тоглолтын үзэгчдэд юуг амлах вэ?

-Утаатай, түгжрээтэй, стрэсстэй хүйтний улирал ирлээ. Хүйтний улирал эхлэхээс өмнө үзэгчиддээ 100 хувь энтертайнмент тоглолт хүргэнэ. Өмнө нь ярьж байгаагүй цоо шинэ материалууд яригдах болно. Элгийг нь хөштөл хоёр цаг тасралтгүй инээлгэнэ.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Төгөлдөр: Стэнд ап комеди хүнийг “донтуулдаг”  
Үзсэн: 3104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-27 12:18
Arhind l dontuuldag bhda :))

Бидэнтэй нэгдээрэй