Шууд Chart

Цас цэвэрлэгээ, давс, бодис цацах зориулалт бүхий 10 машиныг хүлээн авлаа

2025-09-23 16:10:11

Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийж байна.

Тодруулбал, энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 301 тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн.

Ийнхүү өнөөдөр цас цэвэрлэгээ, давс, бодис цацах зориулалт бүхий Howo V7X маркийн 10 машиныг хүлээн авлаа.

Техникийн үзүүлэлтийн тухайд өвөлдөө цас шүүрдэх, давс, бодис цацах зориулалттай бол дулааны улиралд хог тээврийн зориулалтаар ашиглах боломжтой. Нэг ээлждээ тасралтгүй 8-20 цаг хүртэл ажиллан, 10 гаруй тонн давс, бодисыг тээвэрлэж, 6-15 метрийн өргөнд цацах хүчин чадалтай. Мөн шүүр болон давс, бодис цацах төхөөрөмжийг 5-15 минутад солин, ажиллах горимд шилжүүлж болно. Түүнчлэн түлшний багтаамж нь 400 литр бөгөөд Евро-5 стандартын хөдөлгүүртэй.  

Хот, нийтийн аж ахуйн үйлчилгээнд шаардлагатай тусгай зориулалтын техникийг дотоод, гадаадын нийт долоон аж, ахуйн нэгж байгууллагаас хүлээж авч байна. Өнөөдрийн байдлаар 2024, 2025 онд үйлдвэрлэгдсэн 170 гаруй тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийг гэрээнд заасан техникийн тодорхойлолтод нийцүүлэн нийлүүлж байгаа юм. 

Дээрх хүлээн авсан тоног төхөөрөмжүүдийг нийслэлийн есөн дүүрэг, Геодези, усны барилга байгууламжийн газар, Хот тохижилтын газар, Ус сувгийн удирдах газар болон холбогдох чиг үүргийн байгууллагуудад хүлээлгэн өгч нийслэл хотын аж ахуйн ажилд ашиглана.

Ташрамд, 2024 оны аравдугаар сард нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар зам цэвэрлэгээний таван төрлийн 33 машин техникийг нийлүүлсэн. Тодруулбал, цас цэвэрлэгээ, түрэх, давс цацах 10 машин, найман шүүрт машин, бага оврын цас цэвэрлэгч 10 машин нийлүүлсэн. Мөн оны хавар нь модны навч зэрэг хөнгөн юмсыг соруулах зориулалттай 46 шинэ тоног төхөөрөмжийг оруулж ирсэн. Улмаар 2024 онд хот, нийтийн аж ахуйн салбарт 80 гаруй машин техникийн шинэчлэлт хийсэн билээ.


Цас цэвэрлэгээ, давс, бодис цацах зориулалт бүхий 10 машиныг хүлээн авлаа  
Үзсэн: 120 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй