Шууд Chart

“Алт-3” аяныг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хэсэгчилсэн хоригийг УИХ хүлээн авлаа

2025-09-24 12:52:52

УИХ-ын 2025 оны есдүгээр сарын 24-ний өдрийн чуулганаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тавьсан хэсэгчилсэн хоригийг хэлэлцэн хүлээн авлаа.

Чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүний 74.5 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих үндэслэлдээ “Тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлж, байгаль орчноо хамгаалах бодлого баримтлах ёстой. Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх бодлого тууштай хэрэгжих нь зүйтэй боловч энэ хүрээнд алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутаг, түүний хилийн заагийг өөрчилж, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг багасгах хууль зүйн нөхцөл боломж бүрдүүлсэн байна.

Монгол төрийн бодлогоор байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулдаг.

Түүнчлэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасны дагуу экологийн аюулгүй байдлыг хангах, түүний тэнцвэрийг хадгалах, байгаль орчин, ой, усны сан бүхий газрыг хамгаалах, ялангуяа цөлжилттэй тэмцэх нь үндэсний аюулгүй байдлын нэгэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нэн ховор, ховор болон экосистемд онцгой үүрэгтэй амьтан, ургамал бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, тэдгээрийн амьдрах орчныг тэтгэхэд биотехникийн аргыг түлхүү хэрэглэхээр тусгасан.

Иймд байгаль орчны талаарх төрийн бодлого цаашид өнөөгийн улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх зарчмыг тууштай баримтлах нь зүйтэй” гэсэн юм.


“Алт-3” аяныг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хэсэгчилсэн хоригийг УИХ хүлээн авлаа  
Үзсэн: 137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй