Шууд Chart

Эдуард Сноуден: АНУ, ОХУ хоорондоо сонгуулийн үйл явцад хутгалдсан хэвээр байна гэдэгт итгэлтэй байна

2019-10-24 16:05:09

АНУ-ын Тагнуулын төв газар, Үндэсний аюулгүй байдлын агентлагийн экс ажилтан, өдгөө ОХУ-д орогнож байгаа Эдуард Сноуден АНУ, ОХУ хоорондоо сонгуулийн үйл явцад хутгалдсан хэвээр байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрбээр Америкийн хошин шогч, телевизийн хөтлөгч, тоймч Жо Роганы подкастад энэ тухай өгүүлжээ. Энэ ярилцлагын бичлэгийг лхагва гарагт “youtube” сувагт байршуулсан юм.

Эдуард Сноуден “ОХУ сонгуульд хутгалдан орно гэдэгт эргэлзэх юмгүй. Бас АНУ ч Оросын сонгуульд гар дүрж оролцоно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Энэ тухай хэн ч ярих дургүй байдаг юм” гэсэн байна.

АНУ-ын тусгай албаны экс ажилтан үүнийг батлахын тулд өнгөрсөн 2018 оны хоёрдугаар сард “Нью-Йорк таймс” сонинд гарсан нэгэн нийтлэлийг дурдсан байна. Энэ нийтлэлд тэмдэглэснээр бол, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Оросыг хутгалдан орсон гэж буруутгаж байгаа нь улсынхаа тусгай албаны ажлын арга барилыг мэдэхгүй америкчуудад л том дуулиан байж магадгүй гэжээ.

Пенсильвани муж дахь Карнеги-Меллоны их сургуулийн мэргэжилтний тооцоолсноор, 1946-2000 он хүртэл АНУ бусад улсын сонгуульд хутгалдан орсон 81 тохиолдол бүртгэгдэж байсныг энэ сонинд дурдсан байна. Харин энэ хугацаанд Зөвлөлт Холбоот Улс, Оросын зүгээс ийм үйлдэл хийсэн 36 тохиолдлыг бүртгэсэн гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн 2016 оны сонгуульд Оросын талаас хутгалдан орсон гэх дуулиан тархаад удаж байгаа билээ. Энэ хэргийг АНУ-ын Холбооны мөрдөх товчооны тэргүүн асан Роберт Мюллер тусгай прокурорын хувиар хоёр жил шалгасан. Ингээд өнгөрөгч дөрөвдүгээр сарын 18-нд тайлангаа танилцуулахдаа Дональд Трампын ОХУ-тай хуйвалдаж, сонгуульд ялсан гэх баримт илрүүлж чадаагүй гэдгээ хүлээсэн юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Эдуард Сноуден: АНУ, ОХУ хоорондоо сонгуулийн үйл явцад хутгалдсан хэвээр байна гэдэгт итгэлтэй байна  
Үзсэн: 612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй