Шууд Chart

Боливын Ерөнхийлөгч Эво Моралес 47.06 хувийн санал авчээ

2019-10-25 12:20:19

Боливын Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд саналын хуудасны 99.81 хувийг тоолж дууссаны дараах дүнгээр одоогийн Ерөнхийлөгч Эво Моралес яллаа гэж тус улсын сонгуулийн дээд шүүхийн мэдээллээс эш татан “Франс Пресс” агентлаг дамжуулсан байна.

Эво Моралес 47.06 хувийн санал авсан бол түүний гол өрсөлдөгч Карлос Меса 36.52 хувийн санал авчээ. Тэгэхээр Моралес сөрөг хүчний нэр дэвшигчээсээ 10 гаруй хувиар хол тасарсан болохоор сонгуулийн эхний шатанд ялсан гэж үзэж болно.

Боливт өнгөрөгч ням гарагт Ерөнхийлөгч болон парламентын сонгууль зэрэг болж, санал авах байрыг хааснаас дөрөв орчим цагийн дараа урьдчилсан дүн мэдээг танилцуулсан юм. Энэ үеэр нэр дэвшигч Меса санал хураалтын дүнгээр хоёр дахь шатны сонгууль явуулах ёстой гэж мэдэгджээ.

Боливын хуулиар нэр дэвшигч сонгуулийн эхний шатанд ялахын тулд 50-иас илүү хувийн санал авах ёстой. Мөн ойрын өрсөлдөгчөөсөө 10-аас доошгүй хувиар тасарсан бол 40 хувиас дээш санал авсан тохиолдолд ялсанд тооцно гэж заажээ.

Сонгуулийн урьдчилсан дүн мэдээг зарласны дараа энэ улсад эсэргүүцэл дэгдсэн юм. Энэ үеэр нийт найман хүн гэмтэж, бэртсэн. Моралес лхагва гарагт улсдаа онц байдал тогтоож, сөрөг хүчнээ төрийн эргэлт хийхийг оролдож байна гэж буруутгажээ.

Тэгвэл Европын холбооны Гадаад бодлогын албанаас Боливт Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатыг зохион байгуулахыг пүрэв гарагийн орой уриалсан байна.

Европын холбооны уриалгад “Америкийн улс орнуудын байгууллагын дотоод төлөөлөгчдийн тайлангаар Боливт сонгуулийн үйл явц илт зөрчилтэй болох нь тогтоогдсон. Европын холбоо Америкийн улс орнуудын байгууллагын тайлантай бүрэн санал нэгдэж, Боливын засаг захиргаа санал тооллогын үйл явцыг тодорхой болгох, мөн Боливын ард түмний итгэл, ардчилсан сонголтыг бүрэн хүндэтгэж, сонгуулийн хоёрдугаар шат зохион байгуулах нь хамгийн тохиромжтой гэж үзэж байна” гэж дурджээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Боливын Ерөнхийлөгч Эво Моралес 47.06 хувийн санал авчээ   
Үзсэн: 460 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй