
Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри ням гарагт сөрөг хүчний нэр дэвшигч Альберто Фернандест төрийн тэргүүний сонгуульд ялсанд нь баяр хүргэлээ. Маурисио Макри “Би түүнд баяр хүргэж, дөнгөж сая утсаар ярилаа” гэж дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ мэдэгджээ.
Маурисио Макри сонгуулийн гол өрсөлдөгчөө даваа гарагт ажлаа шилжүүлэх асуудлаар уулзалтад урьсан гэнэ. Тэгвэл Аргентины Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Альберто Фернадес ч одоогийн төрийн тэргүүний уулзах саналыг хүлээн авснаа мэдэгдсэн байна. Тэрбээр “Бид боломжтой бүхий л зүйл дээр хамтарч ажиллах болно. Яагаад гэвэл бидний санааг чилээдэг цорын ганц зүйл бол аргентинчуудын сайн сайхны төлөө байдаг” гэж ярьжээ.
Аргентинд ням гарагт Ерөнхийлөгчийн сонгууль болсон юм. Иргэд төрийн тэргүүнд өрсөлдсөн зургаан нэр дэвшигчээс сонголтоо хийжээ. Сонгуулийн ирц 80.84 хувьтай байжээ.
Үндэсний сонгуулийн танхимаас саналын хуудасны 90.92 хувийг тоолсны дараах дүнгээр зүүний төвийн эвслийг төлөөлөн оролцсон Фернандесыг 47.82 хувь нь дэмжсэн байна. Харин барууны төвийн хүчнийг төлөөлөн оролцсон одоогийн Ерөнхийлөгч Макрид 40.67 хувь нь саналаа өгчээ.
Фернандесыг 2007-2015 он хүртэл төр барьсан Аргентины экс Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер дэмжиж сонгуульд оролцсон. Тиймээс одоо тэрбээр дэд Ерөнхийлөгчөөр ажиллана.
Фернандес нь сонгуулийн сурталчилгааны үеэр Засгийн газрынхаа эдийн засгийн бодлогыг нэг бус удаа шүүмжилсэн. Тэрбээр Олон улсын валютын сантай хийсэн 57 тэрбум ам.долларын зээл олгох тухай гэрээг эсэргүүцэж, Ерөнхийлөгч Маурисио Макриг төр барих хугацаанд Аргентинд ядуу иргэний тоо 5 саяар нэмэгдсэн гэж мэдэгджээ.
Тиймээс төрийн тэргүүн болсон тохиолдолд өрийн болон гэрээний үүргээсээ ухрахгүй ч иргэдийнхээ ашиг сонирхлыг эн тэргүүнд тавина гэсэн байна. Мөн дэлхий ертөнцтэй олон талт харилцаагаа сэргээж, гадаад бодлогоо өөрчилнө гэж амлажээ. Фернандес ирэх 12 дугаар сарын 10-нд төрийн тэргүүний албаа хүлээн авах юм.
Альберто Фернандест төрийн тэргүүний сонгуульд ялалт байгуулжээ | ||
Үзсэн: 458 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.