
3.2 сая хүн амтай Монгол Улс элэгний болон ходоодны хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Тоон мэдээллээс харахад Монголд жилд 6000 орчим хүн хавдартай хэмээн оношлогддог. Мөн жилд 4000 орчим хүн хавдрын улмаас нас барч байна. Үүнээс хорт хавдрын дийлэнх хувь нь хожуу үедээ оношлогддог. Дээрх
Тэгвэл Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн санаачилгаар Улсын Их хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэндийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хавдар судлалын үндэсний төв, Худалдаа хөгжлийн банк хамтран “XXI зуун Хавдаргүй Монгол” 1000 гэр бүлийн үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр Төрийн ордны их танхимд зохион байгууллаа.Тус зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Дамба-Очир, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ХСҮТ-ийн Ерөнхий захирал Ж.Чинбүрэн, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Энхтөр, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, дэд захирал Г.Гэрэл тэргүүтэй албаны эрхэм оролцсон. Мөн хавдраар хайртай дотны хүнээ алдсан, энэ өвчнөөр өвдсөн болоод хортой болон хоргүй хавдрыг ялан дийлсэн иргэд, тэдний гэр бүлийнхэн бусад гэр бүлүүд нийслэлээс болон орон нутгаас ирж зөвлөлдсөн юм.
Хавдар эдгэрдэг өвчин
УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол тус зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ өнгөрсөн оны байдлаар Монгол Улсад 6073 хүнд хавдрын тохиолдол оношлогдож, 4412 хүн хорт хавдрын шалтгаанаар нас барсан. Үүнээс 77 хувь нь хожуу үе шатандаа оношлогдсон. Мөн 19 мянга гаруй хүн хорт хавдрын оноштой эмнэлгийн хяналтад байгаа гэдгийг дуулгав. Үүнээс гадна Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хавдрын эсрэг үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Польшийн Засгийн газраас 3.8 сая еврогийн урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр ирэх оноос эхлэн 21 аймгийн эмнэлгийг эрүүл мэндийн явуулын тусламж үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон автомашинаар хангахаар болсныг дуулгасан юм.
Дараагаар нь Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хүмүүсийн амьдралын хэв маяг, хүрээлэн буй орчны бохирдол зэрэг олон хүчин зүйлсийн улмаас хавдар нэмэгдэх хандлагатай байгааг илтгэлдээ дурдсан. Мөн Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн эрт илрүүлж, эмчлүүлсэн тохиолдолд хорт хавдар айдас биш гэдгийг сануулав.
“XXI зуун Хавдаргүй Монгол” 1000 гэр бүлийн үндэсний зөвлөгөөний хүрээнд гурван хэлэлцүүлэг өрнөсөн. “XXI зуун Хавдаргүй Монгол – Төрийн бодлого зохицуулалт” хэлэлцүүлгийн үеэр иргэд хавдар үүсгэж буй шалтгаан буюу уул уурхайн олборлолтоос үүсэх экологийн сөрөг нөлөөнд анхаарал хандуулах, техникийн зориулалттай хуванцар саванд иргэд хоол хүнсээ хадгалдаг, ундны ус зөөдөг байдлыг арилгах, хавдраас урьдчилан сэргийлэлтийг идэвхжүүлэх шаардлагатайг хэлж байв. Эрүүл мэндийн салбарынхан ч үүнтэй санал нэг байлаа.
Дээрх хэлэлцүүлгийн үеэр Өвөрхангай аймгийн “Гэгээн мандах наран” ТББ-ын тэргүүн Аюушийн сэтгэгдлийг сонсоход “Би 2014 онд умайн хүзүүн хорт хавдраар өвдсөнөө мэдсэн. Дараагаар нь хорт хавдраар өвдсөн хүмүүст оношилгоонд орж, өвчнөө эрт илрүүлэхэд нь тус дөхөм болох үүднээс “Гэгээн мандах наран” ТББ-аа байгуулсан. Өөрөө өвдсөн, энэ өвчнийг туулсан хүний хувьд хэлэх зүйл байна. “Хими эмчилгээ хийлгэхээр нас бардаг гэнэ. Би хими эмчилгээ хийлгэхгүй” гэсэн олон хүн надтай уулзаж байсан. Энэ буруу. Өвчтөнүүд эмчийн хэлсэн заавар зөвлөгөөг дагаж эмчилгээгээ хийлгэх хэрэгтэй. Тиймээс хүмүүсийг шинжлэх ухааны үндэслэлгүй мэдээлэл битгий бие биедээ дамжуулаарай” гэсэн юм.
Харин “Эрт илрүүлэг-Гэр бүлийн идэвх оролцоо” сэдэвт хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир санаачилсан Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Тус хуулийн төслүүдийг дагалдуулж өргөн мэдүүлсэн Хорт хавдрыг эрт илрүүлэх хуулийн төслийг баталсан нь хавдраас үүсэлтэй нас баралтыг багасгах, энэ өвчнийг хүндрэхээс өмнө хямд төсөр зардлаар бүрэн эмчлэх боломжийг бий болж байгааг дурдаж байв. Энэ үеэр ХСҮТ-ийн зөвлөх, академич Р.Сандуйжав нас ахих тусам хүний эрүүл мэндэд эрсдэл учирдаг. Ялангуяа 40 нас хүрсэн бол жил бүр хавдрын үзлэгт орж байх хэрэгтэй. Хавдрыг эрт үед нь илрүүлвэл эмчлээд, эдгээгээд 80 түүнээс ч дээш наслах боломжтой. Тиймээс иргэдийг эрт илрүүлэгт хамрагдахыг уриалав.
Мөн ХСҮТ-ийн Бодлого төлөвлөлт, хөгжил эрхэлсэн дэд захирал Л.Баярсайхан байгууллага, компаниуд жилдээ нэг өдөр ажилтан, ажилчиддаа цалинтай чөлөө өгч эрүүл мэндийн үзлэг, эрт илрүүлэгт хамруулдаг олон улсын жишиг байдгийг дурдав. Мөн нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт хавдрын эрт илрүүлгийн төв байгуулагдаж ажиллаж байгаа ч иргэдийн хамтын ажиллагаа хамгийн чухал. Учир нь иргэд өөрсдөө сайн дураараа өөрийгөө болон гэр бүл, ойр дотныхоо хүмүүсийг эрт илрүүлэгт хамруулах хэрэгтэй” гэв.
Өвчин хэлж ирдэг
XXI зуун Хавдаргүй Монгол” 1000 гэр бүлийн үндэсний зөвлөгөөний сүүлийн хэлэлцүүлэг “Өвчин хэлж ирдэг...” сэдвийн хүрээнд явагдлаа. Хэлэлцүүлгийн эхэнд 2015 онд өнчин тархины хавдартай хэмээн оношлогдсон Э.Баярмаа хэмээх охин энэ өвчнөө ялан дийлж буй түүхээ хуваалцлаа. Тэрбээр “Эмчилгээ хийлгэх гэж гадны орчныг зорих нь сэтгэл зүй хийгээд санхүүгийн хувьд тухайн өвчтөн болон гэр бүлд нь маш хүнд тусдаг. Надад оношлогдсон хавдар Монголд маш цөөхөн тохиолддог. Гэлээ ч энэ өвчнөө эх орондоо эмчлүүлэх боломж бүрдсэн. ХСҮТ туяа эмчилгээний аппараттай болсон учир цаашид гадны орныг зорьж эд материал зардал чирэгдэлгүй, сэтгэл зүйн хүнд ачаагүй өвчнөө эмчлүүлэх боломжтой болсонд маш их баярлалаа” гэв. Тэрбээр сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй бөгөөд эмчилгээ хийх хугацаанд сэтгэл судлаач мэргэжил эзэмшжээ. Мөн энэ хугацаанд дөрвөн ном орчуулж, эмхтгэж хэвлүүлжээ. Түүнчлэн “Өөртөө итгэлтэй болох сэтгэлзүйн нууц аргууд” хэмээх ном бичээд хэвлэлтэд шилжүүлснээ хэлэв.
Э.Баярмаа “Эрт илрүүлж, эмчилгээгээ хийлгэсэн тохиолдолд хавдрыг ялдаг гэдгийг Монголын мянга мянган хүн өөрийн биеэр нотолж байгаа. Тэдгээр хүмүүсийн нэг төлөөлөл нь би юм шүү” гэв.
Дараагаар нь Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал Л.Нинжжамц “МҮОНРТ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд найм дахь жилдээ ХСҮТ-тэй хамтран “Хавдрын эсрэг аян”-ыг хэрэгжүүлсэн. Зарим өрх айл ойр дотны, хамгийн хайртай хүнээ хавдраар алдаж байна. Би 10 гаруй жилийн өмнө хайртай хүнээ энэ өвчнөөр алдсан. Энэ өвчнийг хамтдаа зүтгэснээр ялан дийлж чаддагийг олон нийтэд таниулах юмсан гэсэн мөрөөдөл тээж явдаг. Тэгвэл өнөөдөр бодож явсан ажлын маань нэг нь биеллээ. МҮОНРТ өмнө нь эрүүл мэндийн боловсрол олгох нэвтрүүлэг, шторк бүтээхэд оролцож байсан. Тэгвэл эрүүл мэндийн боловсролыг илүү өөр шатанд гаргах үүднээс энэхүү 1000 гэр бүлийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна” гэсэн юм.
МҮОНРТ-ийн “Хөнгөвчлөх өрөө” бүтээл үзэгчдэд хүрнэ
Түүнчлэн хэлэлцүүлгийн төгсгөлд хавдрын өвчин туссан хүн болон түүний гэр бүл ямар их шаналдаг, энэ “тахал”-аас хэрхэн ангижирч байгаа талаар өгүүлэх “Хөнгөвчлөх өрөө” бүрэн хэмжээний уран сайхны киноны танилцуулгыг танхимд цугласан эрхмүүд, гэр бүлийнхэнд хүргэлээ. Тус бүтээлийн зохиолыг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, Нэвтрүүлгийн нэгдсэн хэлтсийн дарга М.Эрдэнэбат, зохиолч, яруу найрагч Ц.Баттуяа нар хамтран бичсэн бол, ерөнхий зураачаар Б.Цогтбаяр, ерөнхий найруулагчаар Ж.Сэнгэдорж, нэгдүгээр найруулагчаар А.Баттүшиг, Д.Мягмар, ерөнхий зураглаачаар Э.Нэргүй ажиллаж байгаа. “Логик фильм” бүрэн бүрэлдэхүүнээрээ бүтээж буй дээрх бүтээлийн ерөнхий продюсерын үүргийг МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц гүйцэтгэж байгаа бөгөөд гол дүрийг УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд, Н.Баярмаа болон жүжигчин Э.Мөнхбат амилуулж байна. Түүнчлэн тус кино багийнхан зураг авалтаасаа чөлөө авч “XXI зуун Хавдаргүй Монгол” 1000 гэр бүлийн үндэсний зөвлөгөөнд нэгдсэн билээ.
Төгсгөлд өгүүлэхэд, Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдарч буй Улаанбаатар хотын оршин суугчдыг хаврын эрт илрүүлэг шинжилгээнд бүрэн хамруулах, өрх айл бүрийг энэ аюулт “тахал”-аас хамгаалах, эрүүл мэндийн зөвлөгөө, боловсрол олгох ажлыг зохион байгуулж цаашлаад “Хавдраас урьдчилан сэргийлж чадсан хот” болох зорилт дэвшүүлж нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МҮОНРТ, ХСҮТ хамтран ажиллахаар болсон. Тэгвэл дээрх зорилтыг биелүүлэх санамж бичигт МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, ХСҮТ-ийн Ерөнхий захирал Ж.Чинбүрэн, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар гарын үсэг зурлаа.
Ийн Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн санаачилгаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэндийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хавдар судлалын үндэсний төв, Худалдаа хөгжлийн банк хамтран “XXI зуун Хавдаргүй Монгол” 1000 гэр бүлийн үндэсний зөвлөгөөнийг Төрийн ордноо анх удаа зохион байгууллаа.
“XXI зуун Хавдаргүй Монгол” үндэсний зөвлөгөөн анх удаа боллоо | ||
Үзсэн: 1719 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.