
Америкийн цэргийн цуваа Сирид их бууны галд өртсөн, хохирсон хүн байхгүй гэж Сири улс дахь дайсагнагч талуудыг эвлэрүүлэх Оросын төвийн дарга, хошууч генерал Юрий Боренков мэдэгдсэн байна.
Тодруулбал, Туркийн зэвсэгт хүчний холбоотон болох Сирийн чөлөөт армийн дайчид ням гарагт Ирак руу зорьж явсан Америкийн дайчдын цуваа руу буудсан гэнэ.
Харин Америкийн зэвсэгт хүчний Төв командлалын хэвлэлийн албанаас Сирийн зүүн хойд хэсэгт эргүүлийн ажиллагаа гүйцэтгэж байгаа Америкийн дайчид их бууны галд өртөөгүй, тэдний явж байсан замаас нэг орчим километрийн зайд их бууны сум унасан гэж мэдээллээ.
“Арваннэгдүгээр сарын 3-нд Сирийн зүүн хойд хэсэг дэх Америкийн эргүүлийн дайчид их бууны олон тооны цохилтын гэрч боллоо.Эвслийн цэргүүд бүс нутагт ажиллагаа явуулж байгаа бусад хүчинтэй зөвлөлдсөний үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг. Бид дайчдынхаа аюулгүй байдлыг тэргүүнд тавьж байгаа” гэж командлалын төлөөлөгч тэмдэглэжээ.
Сири улсын хойд хэсэгт 10 дугаар сарын 9-нээс эхлэн Туркийн армийн анги нэгтгэл байршсан билээ. Анкарагаас эхэндээ энд завсрын бүс байгуулах зорилготой ажиллагаа явуулна гэж зарласан юм. Ингээд Рас-эль-Айн, Телль-Абъяд хотуудын хоорондын нутаг дэвсгэрт хяналтаа тогтоосон билээ.
Пентагоны тэргүүн Марк Эспер ч Туркийн дайралтаас болоод Сирийн хойд хэсэгт байсан мянга орчим дайчнаа гаргахаар болсноо өнгөрсөн сарын 13-нд зарласан. Ингээд АНУ-ын тэргүүлдэг олон улсын эвсэл өнгөрсөн сарын 16-нд Кобани хотод байрладаг цэргийн баазаа устгаад, Ракка, Табка зэрэг хотуудаас гарсан. Удалгүй Сирийн хилээс гарч, Иракийн Дахук муж руу орж иржээ. Тэгвэл Америкийн төрийн тэргүүн Дональд Трамп цэргүүдээ Иракаар дамжин АНУ-д ирэхээр болсныг өнгөрсөн сарын 27-нд баталсан юм.
Юрий Боренков: Америкийн цэргийн цуваа Сирид их бууны галд өртсөн | ||
Үзсэн: 976 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.