
Хувийн, улсын гээд дэлхийн нийт өрийн хэмжээ 188 их наяд ам.доллар буюу дэлхийн Дотоодын нийт бүтээгдэхүүний 230 хувьд хүрлээ гэж Олон улсын валютын сангийн зохицуулагч захирал Кристалина Георгиева Вашингтонд Жак Полакийн нэрэмжит 20 дахь удаагийн бага хурлыг нээж хэлсэн үгэндээ мэдэгдлээ.
Тэрбээр “Өр нэмэгдсэн гол хүчин зүйл нь хувийн хэвшил. Хувийн хэвшилд одоо нийт өрийн түвшний бараг гуравны хоёр нь ногдож байна” гэж тэмдэглэсэн байна. Түүнчлэн эдийн засгийн хувьд хөгжингүй орнуудын улсын өр Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн дээд түвшиндээ хүрснийг энэ үеэр дуулгажээ.
Олон улсын валютын сангийн тэргүүн “Хөгжиж буй орнуудын улсын өр хамгийн сүүлд 1980-аад оны урт хугацааны хямралын үеэр ажиглагдаж байсан түвшинд хүрээд байна. Бага орлоготой орнууд сүүлийн таван жилийн хугацаанд өр төлбөрийн хэмжээгээ эрс нэмэгдүүлсэн” гэж мэдэгджээ.
Тиймээс дэлхийн өрийн асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлэхгүй бол ийм өндөр үзүүлэлт цаашид дэлхийн эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлнө гэж Георгиева онцлон тэмдэглэсэн юм.
Дэлхий дахинаа өрийн хэмжээ нэмэгдсэн нь олон талаараа 2008 оны санхүүгийн хямралтай холбоотой гэж тэрбээр үзэж байна. Тухайн үед төрөөс хувийн хэвшилд ихээхэн дэмжлэг үзүүлж, олон орны Засгийн газар өрийн ачааллыг өөр дээрээ үүрсэн. Тиймээс бага орлоготой орнуудад өрийн дарамт нь хөгжлийн зорилгодоо хүрэхэд томоохон саад болж магадгүйг Георгиева тэмдэглэжээ.
“Улс орнуудын засаг захиргаа өр төлбөртөө их, харин дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролдоо бага мөнгө зарцуулж байна. Бидний тооцоолсноор бол орлогын бага түвшинтэй орнуудын 43 хувь нь өр төлбөртэй холбоотой хямралын нөхцөлд орох өндөр эрсдэлтэй буюу ийм эрсдэлд аль хэдийнэ орчихсон байна” хэмээн Олон улсын валютын сангийн тэргүүн хэлжээ.
Хөгжиж буй орнууд өрийн түвшнээ барьж, орлого олох хөрөнгө оруулалтын төслүүддээ илүүтэй анхаарах ёстой гэнэ. Түүнчлэн зээлдэгч орнууд, зээлдүүлэгч хоорондын нягт хамтын ажиллагааг дэмжиж, зээлийн ил тод байдлыг хангах нь чухал гэж Кристалина Георгиева тэмдэглэжээ.
Кристалина Георгиева: Дэлхийн нийт өрийн хэмжээ 188 их наяд ам.долларт хүрлээ | ||
Үзсэн: 496 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.