
Католик шашны тэргүүн, Ромын пап лам Францис Азийн хоёр ч оронд хийх айлчлалаа албан ёсоор эхлүүлээд байгаа юм. Тэрээр Тайланд улсад хийж байгаа айлчлалынхаа үеэр хөдөлмөрөө зүй бусаар мөлжүүлж байгаа эмэгтэйчүүд болон хүүхдүүдийн эрхийг хамгаалах асуудалд илүү их анхаарал хандуулахыг уриалжээ.
Ромын пап лам Францис Тайланд улсад хийж байгаа айлчлалынхаа хүрээнд Бангкок хотын Үндэсний Цэнгэлдэх Хүрээлэнд цугласан Католик шашны шүтлэгтэн үүд болон иргэдтэй уулзлаа. 60 000 хүн оролцсон энэ үйл ажиллагааны үеэр Ромын пап бэлгийн мөлжлөг болон албадлагаар хөдөлмөр эрхэлж байгаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад илүү их хүчин чармайлт гаргахыг уриалжээ. Энэ уулзалтад оролцогчдын зарим нь пап ламын зураг бүхий цамцыг өмсөж, Тайланд болон Ватиканы төрийн далбааг хослуулан барьсан байжээ.
Католик шашны тэргүүн Тайланд улсад айлчилж байгаа үйл явдал 35 жилийн дараа ахин тохиож байна. Тайландын хүн амын 1 гаруй хувь Католик шашинтай бол тус улсын иргэдийн 99 хувь Буддын шашинтай гэгддэг. Харин Ватиканы тэргүүн бямба гарагт Японд очно. Энэ нь католик шашны тэргүүн Япон улсад 38 жилийн дараа ахин айлчилж буй үйл явдал болох юм. Тэрээр Дэлхийн 2-р дайны үеэр атомын бөмбөгдөлтөд өртсөн Японы Хирошима болон Нагасаки хотууд зочлохоос гадна Японы эзэн хаан Нарухито, тус улсын ерөнхий сайд Абэ Шинзо нартай уулзана.
Мөн ромын пап лам Японд байх хугацаандаа хүн төрөлхтөн цөмийн зэвсгийг ахин хэзээ ашиглахгүй байх, улс орнуудыг дэлхий ертөнцөө хамгаалах нэг хүслийн доор нэгдэхийг уриалсан мөргөлийг зохион явуулах юм.
Пап лам эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийг хамгаалахад илүү их хүчин чармайлт гаргахыг уриаллаа | ||
Үзсэн: 1241 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.