Шууд Chart

Шри Ланкийн шинэ ерөнхийлөгч ахыгаа Ерөнхий сайд болон Сангийн сайдаар томилжээ

2019-11-23 14:56:34

Ерөнхийлөгч Готабая өнгөрсөн даваа гарагт тангараг өргөсний дараа буюу энэ сарын 21-нд ахыгаа Шри Ланкийн түр Засгийн газрын Ерөнхий сайдаар томилж, тангараг өргүүлээд байсан юм. Өчигдөр тэрбээр ахыгаа Сангийн сайдаар давхар томилжээ. Ингэснээр Шри Ланкийн шинэ ерөнхийлөгч Готабая Ражапаксагийн ах Махинда Ражапакса улс орныхоо Ерөнхий сайд төвийгүй, Санхүү эдийн засгийн сайд, Буддын болон соёл шашны бодлого, хот байгуулалт, усан хангамж ба орон сууцны асуудал зэргийг давхар эрхлэх юм байна.

Энэ бол Шри Ланк улсын түүхэнд төрсөн ах дүүс нэг дор улс орныхоо гол чухал албуудыг хашиж буй анхны тохиолдол гэж зарим хэвлэл мэдээлж байна.
Нөгөө талаар шинэхэн Ерөнхийлөгчийн ах Махинда Ражапакса нь 2005-2015 оны хооронд энэ арал улсын Ерөнхийлөгч байсан. Тэрбээр хуулийн дагуу сонгуульд дахин өрсөлдөж улиран сонгогдох боломжгүй байсан.

Харин өнгөрөгч ням гарагт Ерөнхийлөгч болсон Готабая ахыгаа Төрийн тэргүүн байх хугацаанд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж, 1983-2009 онд үргэлжилсэн иргэний дайныг эцэслэн салан тусгаарлагчдыг дарсан гэгддэг байна. Тухайн үед салан тусгаарлагчдаас олон хүн сураггүй болсон гэх мэдээлэл байдгаас гадна эсэргүүцэгчид бууж өгөхөө зарлаж цагаан тугаа өргөсөн ч эрх баригчдын талаас тэднийг тарчилган амь насанд нь хүрсэн гэх яриа ч байна.

Ах дүүс улс төрд дахин хүчээ авсан нь Шри Ланкийн үндэсний цөөнх лалын шашинтнуудад болгоомжлох шалтгаан авчирсан гэж зарим хэвлэл бичиж байна. Учир нь шинэ Ерөнхийлөгчийн хувьд Буддын шашинтай хүн. Энэ хүнийг сонгуульд ялахад буддын хэт үзэлтнүүд чухал нөлөөтэй байсан. Тиймээс “Олонхийн байр суурийг дэмжсэн бодлого эргэн ирж байна” хэмээн цөөнхүүд нь болгоомжилж байна.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард Шри Ланкад болсон халдлагын дараа энэ улсад шашин хоорондын маргаан газар авах хандлагатай болсон юм. Үүнээс гадна Шри Ланк улсад одоо Бээжингийн бодлого хүчтэй нөлөө үзүүлнэ гэсэн болгоомжлол ч байна.  

Нийтэлсэн: Mонголын радио

Шри Ланкийн шинэ ерөнхийлөгч ахыгаа Ерөнхий сайд болон Сангийн сайдаар томилжээ   
Үзсэн: 645 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй