Шууд Chart

Андрес Мануэль Лопес Обрадор: Улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрөхгүй

2019-11-29 10:02:19

Мексикийн хар тамхины бүлэглэлүүдийг террорист байгууллага хэмээн зарлаж, тэдний эсрэг арга хэмжээ авна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн. Түүний энэ мэдэгдлийн дараа Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор улс орных нь дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрөхгүй гэж лхагва гарагт хариулсан байна.

Тэрбээр “Мексикчүүдэд айх юм байхгүй. Хамтын ажиллагаа гэж байхаас хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрөхгүй” гэж хэлжээ. Мексикийн Ерөнхийлөгчийн дараа тус улсын Гадаад хэргийн сайд Марсело Эбрард АНУ-ын талтай холбогдсон гээд “Мексик улсын тусгаар тогтнол болон бие даан гаргасан шийдвэрээ хамгаалахад анхаарал хандуулах болно” гэж хэлсэн байна.

Мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мексикийн хар тамхины бүлгүүдийг террорист байгууллагаар зарлаж, тэдний эсрэг ажиллагаа явуулахад бэлэн гэж АНУ-ын "Фокс Ньюс" агенгтлагт ярихдаа "Хар тамхины бүлэглэлүүдийг террорист гэж тодорхойлох гэж сүүлийн 90 хоногийн хугацаанд ажиллалаа" гэсэн байна.

Ингэж террорист байгууллага гэдэг жагсалтад багтсанаараа хар тамхины бүлэглэлүүдтэй холбоотой хүмүүс АНУ-д нэвтрэх боломжгүй. Хэрэв АНУ-д амьдарч байсан бол хүчээр нутаг буцаана. Банк санхүүгийн байгууллагууд холбоотой байвал мөнгийг нь царцааж буцааж олгохгүй болгохыг Америкийн хууль шаардах юм.

АНУ-ын хувьд Мексикийн хар тамхины сүлжээнийхний хил дамнасан үйл ажиллагаа толгой өвтгөсөн асуудлуудынх нь нэг. Энэ сарын эхээр л гэхэд тус улсын гэмт хэргийн бүлгүүдийн Мексикт зохион байгуулсан халдлагад АНУ-ын есөн иргэн өртөж, нас барсан. Энэ хэргээс гадна хэд хоногийн өмнө хар тамхитай холбоотой гэмт хэргийн бүлгүүд Мексикт хоёр ч удаа халдлага үйлдсэн.

Мексикийн хар тамхины хамгийн цуутай бүлгээс зохион байгуулсан нэг халдлагын үеэр цагдаагийн 13 ажилтан амиа алдаж, Мексикийн Засгийн газраас цэрэг илгээснийг хэвлэлүүд мэдээлж байсан юм. 2017 оны байдлаар тус улсад 30 мянган хүн иймэрхүү халдлага мөргөлдөөний үеэр амиа алдсан нь 2006 оноос хойш гурав дахин нэмэгдсэн дүн юм байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Андрес Мануэль Лопес Обрадор: Улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрөхгүй  
Үзсэн: 621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй