
Японы парламентын дээд танхим лхагва гарагийн нэгдсэн хуралдаанаараа ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх АНУ-тай хийсэн худалдааны гэрээгээ соёрхон баталлаа. Парламентын эрх баригч Либерал ардчилсан намын гишүүд болон холбоотнуудын олонх нь энэ гэрээг дэмжсэн байна.
Худалдааны гэрээг парламентын доод танхим дахь сөрөг хүчнийхэн багагүй эсэргүүцэж байсан юм. Ингэхдээ Токио Вашингтоноор япон автомашин, сэлбэг, эдийн экспортын татварыг цуцлуулж чадаагүй гэж байсан боловч өнгөрөгч 11 дүгээр сард баталсан.
Энэ гэрээний дагуу Япон улс руу оруулж ирэх, жилийн 7.2 тэрбум ам.долларын өртөгтэй Америкийн хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг цуцлах буюу эрс бууруулж байгаа юм. Тухайлбал, АНУ-д үйлдвэрлэсэн үхрийн махны импортын татвар одоогийн 38.5 хувийн татвараасаа 26.6 хувь болон буурч, эцэст нь 9 хувьд хүрнэ. Мөн АНУ-ын гахайн мах, бяслаг, дарсанд аажмаар тэг татвар онооно.
Харин АНУ-ын тухайд Японы автоматжуулсан суурь машин зэрэг аж үйлдвэрийн барааны импортын татварыг цуцлах юм байна. Мөн Японы үхрийн мах, шар буурцгийн сүмс, хөгжмийн зэмсэг, унадаг дугуй зэрэг 42 төрлийн бүтээгдэхүүнийг АНУ руу оруулахад гаалийн татвар нь буурна. Түүнчлэн АНУ-аас гол сүрдүүлэг болгож байсан япон автомашины импортын татвараа нэмэхгүй гэж амлажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Японы Ерөнхий сайд Абэ Шинзо нар өнгөрсөн есдүгээр сард Нью-Йорк хотноо худалдааны энэхүү гэрээнд гарын үсэг зурсан юм. Вашингтон, Токио мөн ирэх дөрвөн сарын хугацаанд хоёр талын чөлөөт худалдааны бүсийг бий болгох боломж бүхий өргөн хүрээтэй хэлэлцээрийг эхлүүлэхээр тохиролцжээ.
Японы парламентын дээд танхим АНУ-тай хийсэн худалдааны гэрээгээ соёрхон баталлаа | ||
Үзсэн: 615 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.