Шууд Chart

2010-2019 он дэлхийн бүх цагийн түүхэн дэх хамгийн халуун жил байх төлөвтэй байна

2019-12-04 16:36:24

2010-2019 онд дэлхийн бүх цагийн түүхэн дэх хамгийн халуун жилүүд байх төлөвтэй байна. НҮБ-ын Дэлхийн цаг уурын байгууллагаас Мадридад болж байгаа Уур амьсгалын бага хурлын үеэр ийнхүү мэдэгдлээ.

НҮБ-ын Дэлхийн цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Петтери Таалас “Бид Парисын гэрээний зорилгодоо хүрэхийн төлөө явахгүй байна. Хэрвээ бид яг одоо уур амьсгалын асуудлаар нэн яаралтай арга хэмжээ авахгүй бол агаарын хэм улам халсаар, энэ зууны төгсгөл гэхэд гурван хэмээр нэмэгдэх болно” гэж мэдэгдсэн байна.

Тус байгууллагын мэдээллээс үзэхэд, аравдугаар сарын сүүлчээр дэлхийн дундаж цаг агаар 18-р зууны сүүлч буюу аж үйлдвэржилтийн эриний өмнөх үеийнхээс 1.1 хэмээр өндөр байжээ. Тиймээс 2019 он нь бүх цаг үеийн ажиглалтын түүхэн дэх хамгийн халуун жилүүдийн хоёр юм уу, гуравдугаарт орох магадлал өндөр байна.

Түүнчлэн өнгөрсөн жил агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн агууламж дээд түвшиндээ хүрсэн, энэ жил улам нэмэгдэх төлөвтэй байгааг энэ байгууллагаас дуулгалаа. Энэ нь дэлхийн далайд муугаар нөлөөлнө. Учир нь далай дулаан, нүүрсхүчлийн хийг шингээдэг. Далайн усны температур ч дээд үзүүлэлтдээ хүрсэн гэж НҮБ-ын Дэлхийн цаг уурын байгууллагаас мэдээлж байна. Тэнгисийн ус аж үйлдвэржилтийн өмнөх үеийг бодвол 26 хувиар исгэлэн болсон нь тэнгисийн эко системд сөргөөр нөлөөлж байгаа гэнэ. 

Мадридад болж байгаа Уур амьсгалын бага хурлаар 2015 онд байгуулсан уур амьсгалыг хамгаалах асуудлаарх Парисын гэрээний нөхцөлүүд биелэгдэж байгаа эсэхийг хэлэлцэж байгаа юм. 2015 онд дэлхийн 190 улс дэлхийн дулааралд нөлөөлөхгүй байх арга хэмжээ авах үүрэг хүлээсэн.

Парисын гэрээний гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болсон агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах байсан юм. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хурал Испанийн Мадрид хотноо энэ сарын 2-13-ны өдрүүдэд болж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

2010-2019 он дэлхийн бүх цагийн түүхэн дэх хамгийн халуун жил байх төлөвтэй байна  
Үзсэн: 1036 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй