Шууд Chart

БНХАУ төрийн ажилдаа гадаадын компьютер, программ хангамж ашиглахгүй

2019-12-09 14:17:14

БНХАУ-ын Засгийн газар төрийн ажилдаа гадаадын компьютер хэрэгсэл, программ хангамж ашиглахгүй. Хятадын төрийн алба болон төрийн албатай холбоотой бусад байгууллагуудад ашиглаж байгаа гадаадын компьютер хэрэгсэл, программ хангамжийг гурван жилийн дотор шахаж, хэрэглээнээс хасах талаар Хятадын дарга Си Зиньпин үүрэг өгсөн байна. Тодруулбал, энэ улс 2020 оноос эхлэн 20-30 сая ширхэг техник хангамжийг шинээр суулгах хэрэгтэй болж буй юм байна. Ингэхдээ нийт хэрэгслүүдийн 30 хувийг 2020 онд, 50 хувийг нь 2021 онд, үлдсэн 20 хувийг 2022 онд шахахаар төлөвлөж байгаа тухай шинжээчид ярьсан байна. Мөн энэ шийдвэр нь Хятадын коммунист намын төв хорооны оны эхэнд болсон хурлаас гарсныг эх сурвалж мэдээлжээ.

Гадаадын компьютер хэрэгсэл, программ хангамжийг гурван жилийн дотор шахах Бээжингийн шийдвэр нь гадаадын технологийг хориглосон анхны ил тод үүрэг чиглэл болж харагдаж байна гэж барууны хэвлэлд бичсэн байна. Мөн энэ нь Вашингтон Хятадын технологийг хязгаарлаж байгаагийн нэг хариу бөгөөд Америкийн "Эйч-Пи", "Делл", "Майкрософт" компаниудад цохилт болж болзошгүй гэж бичсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа дотоодын компаниудаа Хятадын харилцаа холбооны "Хуавей" компанитай хамтран ажиллахыг хориглосны дараа "Гүүгл", "Интел", "Куал-комм" компаниуд "Хуавей"-тэй харилцахгүй гэж мэдэгдсэн юм.

Гэхдээ гадны улсын компьютер хэрэгслүүдийг ийм хугацаанд өөрчилж, дотоодын үйлдвэрүүдийн хэрэглээнд шилжинэ гэдэг нь ихээхэн эрсдэл дагуулна гэж Хятадын Засгийн газартай харилцагчид үзэж байгаа юм байна. Учир нь компьютер, программ хангамжийн дийлэнх бүтээгдэхүүнүүд Америкийн "Виндөүс" үйлдлийн системд тулгуурласан байдгийг цахим үйлчилгээнийхэн сануулж байна.

Мөн Хятадын төрийн байгууллагууд дотоодын эзэмшлийн "Леново" компанийн дэлгэц бүхий суурин компьютер ашиглах хандлагатай байдаг ч энэ компьютерийн процессор, хард диск зэрэг нь АНУ-ын компаниудын бүтээгдэхүүн байдгийг хэлж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

БНХАУ төрийн ажилдаа гадаадын компьютер, программ хангамж ашиглахгүй   
Үзсэн: 637 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй