
Францын нийслэл Парис хотод өчигдөр болсон “Нормандын формат”-ын хэлэлцээрээр Орос, Украины Ерөнхийлөгчид Франц, Германы төрийн тэргүүнүүдийн оролцоотойгоор энэ оны сүүлчээс өмнө олзлогдсон хүмүүсээ солилцох тохиролцоонд хүрч чадлаа.
“Нормандын дөрвөл”-ийн дээд хэмжээний уулзалт 2016 оноос хойш анх удаа болсноос гадна ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нар анх удаа уулзсан гэдгээрээ онцлогтой байсан юм. Дөрвөлийн орнуудын удирдагчид энэ үеэр Украины Үндсэн хуульд Штайнмайерын томьёоллоор өөрчлөлт оруулахыг дэмжиж, 2019 оны эцсээс өмнө Донбасст эвлэрэл тогтоох асуудлаар санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн байна. Энэ тухай Елисейн ордноос мягмар гарагт гаргасан дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн мэдэгдэлд тэмдэглэжээ.
“Бид ОХУ-тай яриа хэлэлцээнийхээ саадыг нээж чадлаа. Энэ бол эерэг зүйл” гэж Украины Ерөнхийлөгч уулзалтын үр дүнг үнэлсэн бол ОХУ-ын Төрийн тэргүүн Владимир Путин “Харилцаа ямар нэгэн байдлаар дулаарна гэж үү. Би тэгнэ гэж бодож байна” гэжээ. Түүнчлэн тэрбээр Украины үйл явцыг зохицуулах асуудал зөв голдрилдоо явж байна гэсэн. Эммануэль Макроны хувьд уулзалтыг үр дүнтэй болсон гэж дүгнэж байгаа бол Ангела Меркель уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.
“Нормандын формат”-ын шинэ уулзалтаар он дуусахаас өмнө гал зогсоох яаралтай дэглэм тогтоох, Донбасст 2020 оны гуравдугаар сар гэхэд гурван хэсэгт хүч төвлөрүүлэх, 30 хоногийн дотор нэвтрэх хэсэг нээх, шаардлагатай бол Украины хуулиар өөрсдийгөө зарласан Луганск Ардын Бүгд Найрамдах Улс, Донецк Ардын Бүгд Найрамдах улсад онцгой статус олгох, Европ дахь аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийн мандатыг нэмэгдүүлэхээр болжээ.
Харин энэ уулзалтаар Киев хилийн бүрэн хяналтыг тогтоох асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй. Зеленский ойрын дөрвөн сарын дотор болохоор тохиролцсон “Нормандын дөрвөл”-ийн уулзалтаар энэ асуудлыг дахин хөндөх болно гэсэн байна. Мөн Украинаар дамжуулан Оросын хий дамжуулах асуудлыг шийдвэрлэж чадаагүй байна.
“Нормандын формат”-ын хэлэлцээр нь 2014 оноос хойш 13 мянга орчим хүн амиа алдсан Украины зүүн хэсэгт энхийн үйл явцыг зохицуулах гэсэн оролдлогоор бий болсон юм. Украин улсын хувьд Оросыг өөрсдийгөө зарласан Донецк, Луганск Ардын Бүгд Найрамдах Улсуудыг дэмждэг гэж буруутгадаг.
Энд Оросын армийн хэсэг байнга байрладаг гэж Украины засаг захиргаанаас үздэг бол Кремль Оросын цэргүүд энэ зөрчилдөөнд оролцоогүй. Оросын иргэд сайн дураараа энэ үйл ажиллагаанд оролцдог байж магадгүй гэж мэдэгддэг байна.
“Нормандын дөрвөл”-ийн дээд хэмжээний уулзалт болов | ||
Үзсэн: 1023 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.