Шууд Chart

Рохинжа хүмүүсийг хоморголон устгасан гэх гомдлоор сонсгол хурал хийж байна

2019-12-11 14:38:06

Мяньмарын эрх баригчид рохинжа хүмүүсээ хоморголон устгасан гэх гомдлоор олон улсын шүүх сонсгол хурал хийж байна. Гааг дахь олон улсын эрүүгийн шүүх Баруун Африкийн Гамби улсын хүсэлтээр сонсгол хурал хийж эхэллээ.

Мягмар гарагт эхэлсэн гурван өдрийн хурлын нээлтийн үеэр Гамби улс энэ гомдлоо танилцуулсан байна. Ингэхдээ 1948 оны Геноцитийн конвенцийг Мяньмарын эрх баригчид зөрчсөн гэж мэдэгджээ. Мөн рохинжа хүмүүс мяньмар цэргүүдийн гарт хэрхэн зовж шаналсан талаарх тоо мэдээллийг Гамби улсын төлөөлөгчид танилцуулахад Мяньмарын төрийн зөвлөх Аун Сан Су Чи хайхрамжгүй байдалтай сонсож суусан гэж зарим хэвлэл тодотгосон байна. Тэрбээр энэ хуралд албаны хүмүүсээ даргалан оролцож байна.

Лалын шашинтай рохинжа хүмүүсийг хоморголон устгасан гэж Мяньмарын Засгийн газрыг буруутгаж буй Гамби улс “Исламын хамтын ажиллагааны байгууллага”-ыг төлөөлж гомдол гаргаад байсан юм. Мөн үүний цаана Канад, Нидерланд зэрэг барууны улсууд дэмжиж байгаа гэх мэдээ байна.

Рохинжа хүмүүсийн эрхийг хамгаалахын тулд тэдний эсрэг үйлдсэн хэргүүдийг бүрэн дэлгэтэл Мяньмарын Засгийн газарт хориг тавихыг баруун Африкийн энэ улс хүсч байгаа. Тиймээс гурван өдрийн энэ хурлаар үндэсний цөөнхүүдтэй холбоотой баримтуудын эхний хэсгийг шүүгчид сонсох юм байна.

Бүх нийтийг хоморголон устгасан гэж тогтоох үйл явц нь өөрөө том босго шалгууртай байдаг байна. НҮБ Мяньмарын эрх баригчидтай холбоотой баримтуудыг цуглуулж, геноцит үйлдсэн гэж ял хүлээлгэхийг уриалж ирсэн ч, өдий болтол үүнийг нотолсон нэг ч тохиолдол байхгүй байна.

Олон улсын шүүхээс Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш 1970-аад оны сүүлчээр Камбожид, 1994 онд Руандад, 1995 онд Босни Херцеговинад хүмүүсийг олноор нь устгаж байсан гэх гурван тохиолдлыг л тогтоосон байдаг.

Нийтэлсэн: Mонголын радио

Рохинжа хүмүүсийг хоморголон устгасан гэх гомдлоор сонсгол хурал хийж байна  
Үзсэн: 1274 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-11 15:53
Элбэгдоржийн найз Аун Сан Сү Чи-ийн нобелийн шагналыг хурааж худлаа жүжиглэж төрийн эрх булаацсаных нь хариуцлагыг хүлээлгэ.

Бидэнтэй нэгдээрэй