Шууд Chart

“Сауди Арамко” үйлдвэрт гарсан халдлагад Иран улс оролцсон эсэхийг нотлоогүй

2019-12-11 15:32:39

НҮБ-ын шинжээчид Саудын Арабын нефтийн “Сауди Арамко” үйлдвэрт өнгөрөгч есдүгээр сард гарсан халдлагад Иран улс оролцсон гэдгийг нотолж чадаагүй гэнэ. Энэ тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргын мягмар гарагт гаргасан тайланд дурдсаныг “Блүүмберг” агентлаг дамжууллаа.

Иран улс энэ халдлагад буруутай гэж АНУ, Саудын Араб болон Европын хэд хэдэн орноос мэдээлж байсан юм. Тэгвэл энэ тайланд “НҮБ халдлагад ашигласан далавчит пуужин, нисгэгчгүй нислэгийн аппарат нь Иранаас гаралтай, эсвэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчиж, Иранд нийлүүлсэн гэж бие даан тогтоох боломжгүй” гэж тэмдэглэжээ.

Гэхдээ халдлага болсон газраас олдсон далавчит пуужин, дроныг шинжлэх ажиллагаа үргэлжилж байгаа гэсэн байна. Аюулгүйн зөвлөлөөс мөрдлөг шалгалтын шинэ үр дүнг мэдээлэх болно гэжээ.

Эргэн сануулахад, Саудын Арабын үндэсний газрын тосны “Сауди Арамко” компанийн Абкаик, Хурайс дахь хоёр том үйлдвэрт өнгөрөгч есдүгээр сарын 14-нд шилжих шөнө халдлага гарсан. Энэ халдлагын хариуцлагыг Йемений “Ансар Аллах” нэртэй хөдөлгөөний босогч хуситууд хүлээсэн. Тэд хорлон сүйтгэх ажиллагаандаа тэсрэх бөмбөг бүхий дрон ашигласан гэсэн байна.

Халдлагаас болж гарсан дэлбэрэлт, галын улмаас дэлхийн газрын тосны томоохон экспортлогч үйлдвэрийн олборлолт хоногийн 9.8 сая баррелиас 5.7 сая болж буурсан байна.

АНУ, Саудын Араб, Их Британи, Франц, Герман зэрэг улс энэ халдлагад Ираныг буруутгасан. Тэд энэ халдлагыг хуситуудын зэвсэгт байдаггүй дрон, пуужингаар үйлдсэн гэж байгаа юм. Харин Тегераны зүгээс үндэслэлгүйгээр буруутгаж байна гэж мэдэгджээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

“Сауди Арамко” үйлдвэрт гарсан халдлагад Иран улс оролцсон эсэхийг нотлоогүй  
Үзсэн: 638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй