Шууд Chart

Сергей Лавров АНУ-д албан ёсны айлчлал хийлээ

2019-12-11 16:55:13

Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр АНУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзсан. Үүнийхээ дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад бараалхсан байна. АНУ-ын Төрийн тэргүүнтэй хийсэн уулзалт харилцан ойлголцсон уур амьсгалд болсон гэж Сергей Лавров тэмдэглэжээ.

Энэ үеэр тэрбээр чухал асуудлуудаа хэлэлцэж, зэвсгийн хяналтын асуудалд илүүтэй анхаарсан байна. Сергей Лавров уулзалтын үеэр эдийн засгийн хоригийг ч хөнджээ. Тухайлбал, Америкийн конгрессын зүгээс хэдий хориглож байсан ч Москва “Умардын урсгал-2”, “Туркийн урсгал” зэрэг Оросын хийн дамжуулалтын маршрутаа хөгжүүлсэн хэвээр байх болно гэдгийг Сергей Лавров сануулсан байна.

Дональд Трамп ч мөн Оросын Гадаад хэргийн сайдтай хийсэн уулзалтын үр дүнг тун сайн болсон гэж “твиттер”-ээрээ дамжуулан мэдэгдсэн юм. Тэрбээр “Бид Иран, Умард Солонгос болон цөмийн зэвсэгт хяналт тавих, мөн сонгуульд хөндлөнгөөс оролцоотой холбоотой гээд олон асуудлыг хэлэлцлээ” хэмээн уулзалтын сэдвүүдийг товч дурдаад, Оростой яриа хэлэлцээгээ цаашид үргэлжлүүлнэ гэдэгтээ найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

ОХУ-АНУ-ын харилцаа хэвийн болоход Америкийн сонгууль саад болж байна гэж Сергей Лавров үзсэн юм. Айлчлалын явцад ч энэ сэдвийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай нэлээд хөнджээ. Энэ асуудлаар Оросыг үнэхээр сэжиглэж байгаа бол баримтаа гаргаж ирэх хэрэгтэй хэмээн Сергей Лавров тэмдэглээд, 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэлх ОХУ-тай харилцсан тэмдэглэлүүдээ нийтэд дэлгэх саналыг Америкийн засаг захиргаанд гаргасан гэжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Сергей Лавров АНУ-д албан ёсны айлчлал хийлээ   
Үзсэн: 657 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй