Шууд Chart

АНУ-ын Батлан хамгаалахын яам Саудын Арабын оюутнуудын бэлтгэлийг зогсоолоо

2019-12-11 17:27:44

Флорида дахь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний агаарын цэргийн баазад Саудын Арабын нэгэн албат гал нээсэнтэй холбогдуулан АНУ-ын Батлан хамгаалахын яам энэ улсаас цэргийн бэлтгэл хийхээр ирсэн бүх оюутны бэлтгэлийг зогсоохоор боллоо. Энэ тухай “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна.

Нислэгийн бэлтгэлд Саудын Арабын 300 оюутан суралцаж байсан гэж “Си-Эн-Эн”-д мэдээлсэн байна. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний дэслэгч Андриана Женуальдийн тэмдэглэснээр нислэгийн түр хориг энэ сарын 9-ний даваа гарагаас хэрэгжиж эхэлсэн, Флорида мужийн Пенсакола, Уайтинг, Мэйпорт гэсэн агаарын цэргийн гурван баазыг хамарч байгаа гэжээ.

Харин Батлан хамгаалах яамны төлөөлөгчийн мэдэгдсэнээр бол энэ хоригт агаарын болон явган цэргийн анги нэгтгэлүүд, түүнчлэн цэргийн сургуулилтад хамрагдаж байгаа Саудын Арабын бүх иргэн багтсан байна. Харин англи хэл зэрэг хичээлүүд хэвийн горимоороо үргэлжилнэ.

Ийм арга хэмжээ авах болсон нь аюулгүй байдлын нөхцөлийг шалгаж, АНУ-д цэргийн сургуулилтад хамрагдаж байгаа гадаадын таван мянган цэргийн алба хаагч энэ нөхцөлийг мөрдүүлэх гэсэнтэй холбоотой гэнэ. Үүнээс 850 орчим нь Саудын Арабын оюутан юм байна.

Саудын Арабын алба хаагч Мухаммед аш-Шамрани энэ сарын 6-ны өдөр Флорида мужид орших, АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний Пенсакола агаарын цэргийн баазын нутаг дэвсгэрт гал нээж, гурван хүний аминд хүрч, найман хүнийг шархдуулсан юм. Харин түүнийг хэргийн газарт ирсэн цагдаа нар устгажээ.

Аш-Шамрани нь АНУ-ын зааварлагчдын удирдлага дор нислэгийн дадал эзэмшихээр суралцаж байхдаа ийм хэрэг үйлдсэн байна. Холбооны мөрдөх товчооны албан ёсны төлөөлөгч Рейчел Рохас энэ хэргийг алан хядах ажиллагаа гэж мэдэгдсэн. Тэрбээр Саудын Арабын оюутныг ямар нэгэн алан хядах бүлэглэлтэй холбоотой байгаагүй, ганцаараа үйлдсэн гэж байгаа юм.

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ-ын Батлан хамгаалахын яам Саудын Арабын оюутнуудын бэлтгэлийг зогсоолоо   
Үзсэн: 718 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй