
ОХУ, БНХАУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Умард Солонгосын асуудлаарх тогтоолын төсөл оруулж ирлээ. Энэ улсад авсан хоригийг зөөллөхөд чиглэсэн тогтоолын төсөлд “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс авсан хязгаарлалтын арга хэмжээ нь Умард Солонгосын жирийн иргэдийн амьдралд шууд тусаж байгаа тул яаралтай цуцлах”-ыг уриалсан байна.
Түүнчлэн АНУ, Умард Солонгосын хооронд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг бүх түвшинд дэмжинэ гээд, Солонгосын хойгт үүссэн нөхцөл байдлыг сулруулахын тулд Орос, Хятад, АНУ, хоёр Солонгос, Япон улс оролцсон зургаан талт хэлэлцээр юм уу, өөр олон талт зөвлөгөөн хийх саналыг Москва, Бээжингийн тогтоолын төсөлд гаргажээ.
Тогтоолын төсөлд дэд бүтцэд хэрэглэдэг, гэхдээ Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрт хэрэглэх боломжгүй, тодорхой төрлийн аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, гэр ахуйн зарим хэрэгслийг хоригоос гаргах хэрэгтэй гэсэн байна. Тухайлбал, төмөр, зэвэрдэггүй ган, төмөр зам, дэр мод үйлдвэрлэх материалууд, мөн барилгын цонх, дээврийн төмөр, ган бүтээц, эрэг боолт, халив, бульдозер, экскаватор, замын индүү зэргийг хоригийн жагсаалтаас гаргахыг санал болгожээ.
Хэрвээ энэ тогтоолын төсөл батлагдах юм бол зүү, хайч, хутга, халбага, сэрээ, төвийн дулааны системийн уурын тогоо, радиатор, агааржуулагч, хөргөгч, 1500 Вт-аас илүүгүй хүчин чадалтай, хогны ууттай, 20 литрээс илүүгүй эзэлхүүнтэй тоос сорогч, ус халаагч бойлер, богино долгионы зуух, цахилгаан зуух, унадаг дугуй зэрэг бүтээгдэхүүнүүдийг энэ улсад нийлүүлэх боломжтой болно.
Гэхдээ АНУ-ын Төрийн департаментаас Умард Солонгост авсан хоригийг зөөллөх асуудлыг хэлэлцэх цаг биш гэж мэдэгдсэн. Франц, Их Британийн төлөөлөгчид ч хоригийг зөөллөхөд эртэднэ гэсэн байна. Мөн Орос-Хятадын санаачилсан энэ тогтоолын төслийг хэлэлцэх хугацааг одоогоор тогтоогоогүй байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Солонгосын хойгийн нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор энэ сарын 11-нд ээлжит бус хуралдаанаа хийсэн юм. Гэхдээ зөвлөлийн гишүүд хамтарсан мэдэгдэл боловсруулж чадаагүй. Тухайн үед НҮБ дахь Оросын байнгын төлөөлөгч Василий Небензя Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах арга зам хоригоор биш, итгэлийг нь бэхжүүлэх замаар явах ёстой гэж байсан юм.
ОХУ, БНХАУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд Умард Солонгосын асуудлаар тогтоолын төсөл орууллаа | ||
Үзсэн: 813 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.