
Энэтхэгийн томоохон 36 их, дээд сургуулийн оюутнууд Иргэншлийн тухай шинэ хуулийг эсэргүүцэх үйл ажиллагаанд нэгджээ. “Таймс оф Индия” сонинд мэдээлснээр Мумбай дахь Бомбейн Энэтхэгийн технологийн дээд сургууль, Ченнай дахь Мадрассын технологийн дээд сургуульд, Лакхнау, Бенарес, Кочин, Калькуттын их сургуулиудын оюутнууд эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцож, олон сургуулийн хичээлийг түр зогсоожээ.
Оюутнууд Иргэншлийн тухай шударга бус хуулиа цуцлахыг шаардаж, эсэргүүцлийн хөдөлгөөн, эмх замбараагүй байдал зохион байгуулсан хэргээр ирэх оны нэгдүгээр сарын 5-ныг хүртэл хичээлийг нь зогсоосон лалын их сургуулиудын оюутнуудтай эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Шинэ Делигийн хэд хэдэн дүүрэгт өнгөрөгч ням гарагийн оройноос даваа гарагийн шөнө хүртэл үргэлжилсэн оюутнуудын эмх замбараагүй байдал, мөргөлдөөний үеэр 50 гаруй хүн гэмтэж, бэртсэн гэж Энэтхэгийн цагдаагийн эх сурвалжаас мэдээлж байгаа юм.
Энэ хотод Жамия Миллия Исламия их сургуулийн орчимд эсэргүүцэл дэгдсэн. Мөн Алигарх хотод мөргөлдөөн гарч, 10 цагдаа, 30 орчим оюутан гэмтэж бэртсэн гэж хэвлэлд мэдээлжээ.
Энэтхэгт шинээр хэрэгжиж байгаа Иргэншлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Пакистан, Афганистан, Бангладеш зэрэг Өмнөд Азийн орнуудад хавчлага шахалтад орсон, лалын шашинтан биш хүмүүст Энэтхэгийн иргэншлийг хялбаршуулсан байдлаар олгохоор заажээ. Өөрөөр хэлбэл, лалын шашинтан голдуу аж төрдөг эдгээр улсад хинди, сикхизм, жайнизм, буддизм, христийн шашинтнуудад иргэншил олгоно гэсэн үг.
Энэ хууль Энэтхэгийн лалын шашинтнуудын дургүйцлийг төрүүлж, шашин шүтлэгээсээ үл хамааран хүн бүр тэгш эрхтэй гэсэн Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзсэн байна. Энэ хуулийг Энэтхэгийн зүүн, зүүн хойд мужуудын иргэд эсэргүүцэж байгаа юм. Тэд хөрш Бангладеш улсаас хэдэн сая дүрвэгч орж ирж Энэтхэгийн иргэншил авна гэж болгоомжилж байна.
Иргэншлийн тухай шинэ хуулийг эсэргүүцэх үйл ажиллагаанд оюутнууд нэгджээ | ||
Үзсэн: 739 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.