Шууд Chart

“Боинг” корпораци “Боинг 737 Макс” загварын онгоцны үйлдвэрлэлээ зогсооно

2019-12-17 16:20:00

“Боинг” корпораци 2020 оны нэгдүгээр сараас эхлэн “Боинг 737 Макс” загварын онгоцны үйлдвэрлэлээ зогсоохоор боллоо. Энэ тухай компанийн даваа гарагт гаргасан мэдэгдэлд тэмдэглэсэн байна.

Үйлдвэрлэлээ хэдийгээр зогсоож байгаа ч гэсэн нөөцөнд байгаа 400 ширхэг “Боинг 737 Макс” загварын онгоцныхоо хүргэлтэд анхаарч ажиллах юм байна.

Онгоцны үйлдвэрлэлээ зогсоох шийдвэртэйгээ холбогдуулан ажилтнуудаа бөөнөөр нь цомхотгохоор төлөвлөөгүй гэж “Боинг” компаниас мэдээлж байна.
Ер нь “Боинг” компани ирэх сараас энэ загвараа зогсоож байгаа тухай мэдээлэл анх “Уолл Стрит Жоурнал” сонинд гарсан юм. Сонины эх сурвалжийн мэдээлснээр бол компани сүүлийн үед энэ загвараас сард 40 онгоц л үйлдвэрлэж байсан гэнэ.

“Боинг 737 Макс” загварын онгоцыг хоёр том ослын дараа олон улсад ашиглахаа зогсоосон. Тухайлбал, өнгөрөгч гуравдугаар сарын 10-нд Этиопт “Этиопиэн Эйрлайнес” компанийн “Боинг 737 Макс 8” загварын онгоц сүйрч, 157 хүн амиа алдсан бол өнгөрсөн оны аравдугаар сарын 29-нд Индонезийн “Лайн Эйр” компанийн яг энэ загварын онгоцны ослын үеэр 189 хүн нас барсан юм.

АНУ-ын Сенатын Худалдааны хорооны сонсгол дээр “Боинг”-ийн тэргүүн Деннис Мюленбургийг “Боинг 737 Макс” загвартай холбоотой үүссэн нөхцөл байдлаар мэдээлэл өгөх үеэр Ардчилсан намын сенатч Ричард Блюменталь энэ загварыг “нисдэг авс” гэж нэрлэсэн.

“Боинг” компанийн удирдлагууд ч энэ хоёр осол онгоцны маневрын үзүүлэлтийг сайжруулах системд гарсан доголдлоос болж гарсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Үүний дараа АНУ, Европын холбоо, Орос, Монгол гээд олон улс орон аюулгүй байдлын үүднээс энэ загварын онгоцны ашиглалтаа зогсоосон юм.

“Боинг” корпораци “737 Макс” загварын онгоцны үйлдвэрлэлээ зогсоож байгаа гэсэн мэдээлэлтэй зэрэгцээд энэ компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн хөрөнгийн зах зээл дээр дөрвөн хувиар унасан байна.

Нийтэлсэн: Mонголын радио

“Боинг” корпораци “Боинг 737 Макс” загварын онгоцны үйлдвэрлэлээ зогсооно   
Үзсэн: 656 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй