
Польшийн эрх баригчдын төлөвлөж байгаа шүүхийн шинэчлэлтэй холбоотойгоор тус улс Европын холбооноос гарахад хүрч магадгүй гэж Дээд шүүх нь мэдэгдлээ. Энэ шинэчлэл шүүх эрх мэдлийн "амыг хааж", Европын холбооны хууль дүрмийн гол зарчимд заналхийлж байна гэж Польшийн шүүгчид үзэж буй юм байна.
Польшийн эрх баригч намаас зүтгүүлж байгаа шүүхийн шинэчлэлийн хүрээнд улс төрийн үйл ажиллагаанд оролцсон шүүгчид хариуцлага хүлээнэ. Мөн тухайн улсын Шүүхийн үндэсний зөвлөлөөс нэр дэвшүүлсэн шүүгчийн хууль ёсны байдалд эргэлзэж асуудал дэвшүүлсэн шүүгч торгууль төлж, зарим тохиолдолд халагдахаар хүртэл заасан байна.
Шинэчлэл хийх энэ хуулийг Польшийн парламент энэ пүрэв гарагт хэлэлцэж эхлэх юм байна. Ингэснээр хууль шүүхийн тогтолцоог өөрчилж, авлигын асуудлыг шийдвэрлэх боломжтой болно гэж эрх баригч нам нь үзэж байна.
Харин Европын холбоо Польшийн эрх баригч “Хууль шударга ёс” нам 2015 онд төрийн эрхийг атгаснаасаа хойш шүүх тогтолцоог улс төржүүлж ирлээ гэж буруутгасан байна. Мөн Польшийн дээд шүүх, эрх баригч нам нь дотоодын болон Европын холбооны хууль дүрмийг дордуулж байна гээд “Засгийн газрынх нь төлөвлөж буй хууль, Европын холбооны хууль хооронд гарах ялгаа цаашид Польшийг Европын холбоог орхиход хүргэнэ” гэж сэрэмжлүүлсэн мэдэгдэл гаргажээ.
Польш улс Европын холбооноос гарахад хүрч магадгүй | ||
Үзсэн: 645 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.