
Аавын захиас
Улсын драмын эрдмийн театрын шинэ уран бүтээл “Миний аав, миний баатар” хүүхдийн жүжгийн зохиолч, найруулагчаар соёлын тэргүүний ажилтан, Дорнод аймгийн “Алтан гадас” одонт Хөгжимт драмын театрын найруулагч Батаагийн Мөнх-Амьдрал ажиллаж байгаа. Түүний аав Дорнод аймгийн театрт гүйцэтгэх зураач, жижиг хэрэглэлийн эрхлэгчийн албыг он удаан жил хашсан. Тийм дээ ч Мөнх-Амьдрал мэдээ орохоосоо ч өмнө театртай танилцаж, хүүхэд насныхаа ихэнх цаг хугацааг тус театрт өнгөрөөжээ.
Дорнод аймгийн “Авьяастны” гэгддэг XII сургуулийг дүүргэсэн тэрбээр бага ангиасаа л бүжиг, дуу, уран зураг, таеквондо бүр ятга хөгжмийн дугуйланд сурч байсан аж. Ийн их сургуульд элсэх цаг мөч тулахад СУИС-ийн дуулаач, ШУТИС-ийн интерьер дизайн эсвэл урлагийн сургуульд кино найруулагчаар суралцах гэсэн гурван сонголт тулгарчээ. Мөнх-Амьдрал ч найруулагчийн мэргэжлийг сонгохтой зэрэгцэн Дорнодын театрын ерөнхий найруулагч асан Б.Мангалжав түүний гараас хөтлөн ардын жүжигчин Б.Мөнхдорж дээр дагуулж очжээ. Тухайн үед ардын жүжигчин Б.Мөнхдорж КУДС-т элсэх хүсэлтэй хүүхдүүдээс шалгалт авахаар Дорнод аймагт очоод байсан үе юмсанж.
2002 он, Мөнх-Амьдрал Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуульд Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Базарын Сумхүүгийн удирдсан найруулагчийн ангид элсэв. Нэрт кино найруулагч Б.Сумхүүгийн тэнгэрт халихад тэдний ангийг ардын жүжигчин Б.Мөнхдорж дааж авчээ. Мөнх-Амьдрал өөрийгөө “Их сургуулийн эхний хоёр жилд Монголын кино урлагийн “Загалмайлсан эцэг” Б.Сумхүү багшаар ном заалгаж, дараагийн хоёр жилд “Тайзны хаан”, “Сонгодог жүжгийн хаан” ардын жүжигчин Б.Мөнхдорж багшийнхаа удирдлага дор сурсан үнэхээрийн азтай хүн” гэдэг.
2006 оны хавар их сургуулиа төгсөхөд нь Мөнх-Амьдралд цөөнгүй ажлын санал ирэв. Гэвч тэрбээр нэг төгсөлтийн найзуудтайгаа нийлж студи байгуулах, кино хийх мөрөөдлөө биелүүлэхээр багаа бүрдүүлж эхлэв. Гэтэл яагаад ч юм аймаг руугаа явмаар санагдсан гэнэ. Учир нь түүнийг төгсөхөд аав нь “Миний хүү Дорнодын театртаа ирнэ биз дээ” гэхэд нь залуу хүний омголон зангаар “Нийслэлд зөндөө боломж байхад би яагаад наана чинь очих ёстой юм бэ” гэж хэлж байж. Гэлээ ч түүнийг нутгаас нь нэг зүйл татаад болохгүй болохоор тэр зундаа харихад бие нь тааруу байсан аав нь бурхны оронд одов. Ийн ээж, охин дүү хоёроо орхиод хот оръё гэсэн ч зүрх хүрэлгүй нутагтаа үлджээ. Тухайн үеийн талаар “Аав маань амьд сэрүүн байхдаа миний хүү Дорнодын театртаа ажил гэж хэлж байсан. Тиймээс л би нутагтаа ажиллая гэж шийдсэн. Харин аавыгаа амьд сэрүүн байхад нь ажиллахгүй яав даа гэж их харамсан” гэв. 2007 онд Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт жүжигчнээр ажлын гараагаа эхэлсэн Мөнх-Амьдрал өдийг хүртэл театраасаа ерөөс холдоогүй. Түүнд хүмүүс Улаанбаатарт очиж кино ший хийвэл илүү амжилттай явах байхдаа гэж хэлдэг ч Ами театр минь намайг хөөхгүй л бол ховхрохгүй гэв.
“Бичсэн зохиолоор нь Жеки Чаныг тоглуулаад кино хийчихсэн байжээ”
Ир нь орсон залуу найруулагчид амьдрал ахуй, ашиг сонирхлоо бодох юм бол Улаанбаатар хотод олон боломж бий. Гэвч түүнд түгжрэлгүй, стрессгүй, утаагүй төрж өссөн нутагтаа өөрийн хүмүүжсэн театртаа ажиллахаас илүү аз жаргал байхгүй аж. Түүний ярьснаар аймагт ажил гэр ойрхон, түгжрэл байхгүй учир хоёр ажил хийх боломж хотынхноос илүү гардаг гэнэ. Ийн 2007 онд П.Отгонцэнгэл(дуучин П.Баярцэнгэлийн ах) найзтайгаа нийлж “Ами ба Отгоо” буюу “A&O” студээ байгуулжээ. Тэд Дорнод бөхийн өргөөнд залууст зориулсан шоу, тоглолтууд зохион байгуулж, ажлынхаа ард амжилттай гарч заримдаа 10-хан мянган төгрөгийн орлого олоод яг тэнцүү хувааж байсан, тэр бүү хэл “шатаад” өртэй хоцорсон, театрын цалингаараа өрөө дарсан дурсамж олон бий гэнэ. Гэхдээ тэр бүх ажлын зорилго нь аймгийнхаа хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх.
Мөнх-Амьдрал өөрийгөө кино найруулагч гэж бусдад бардам хэлэх тэр өдөрт өөрийгөө бэлдсээр байжээ. Ийн кино зохиол худалдаж авах гэтэл мөнгө байхгүй зовлон, бичвэрийн дөртэй арван жилийн хүүхдүүдээр зохиол бичүүлсэн ч голохын тавилантай учирсны эцэст өөрөө үзэг, цаас нийлүүлж эхэлсэн байна. 2012 оны дөрөвдүгээр сард анхны кино зохиолынхоо ард гарчхаад бардам сууж байтал Дорнодын “ТВ-6” телевизээр бараг түүний зохиолоор хийчихсэн гэмээр кино гарчээ. Тэр нь алдарт жүжигчин Жеки Чан болон Жейдэн Смит нарын гол дүрд нь тоглосон “The Karate Kid”.
Уг нь түүний зохиолд Улаанбаатараас гэр бүлээрээ Дорнодод шилжиж ирсэн хүү орцны жижүүр Эрдэнээ гэх эрээр нударган зодооны банди-зо урлаг заалгааснаар үйл явдал өрнөдөг аж. Гэвч энэ өрнөл нь АНУ-аас ээжтэйгээ хамт Бээжин рүү нүүсэн хүү Хан гэх Хятад эрээр кунг-фу заалгадаг үйл явдалтай санаандгүй байдлаар төстэй болжээ. Мөн Эрдэнээгийн эхнэр, хүүхэд зам тээврийн ослоор нас барсан бол Ханд мөн ийм үйл явдал тохиолдсон тухай “The Karate Kid” кинонд өгүүлдэг. Тиймээс Мөнх-Амьдрал Холливудын киноноос санаа авсан, хулгайлсан гэх шүүмжлэл сонсохыг хүсээгүй тул тухайн зохиолоо нэлээд өөрчилсний эцэст “Аз жаргалын эрэлд” нэртэй анхны уран сайхны киногоо хийсэн. Дараа нь “Би хулчгар” инээдмийн уран сайхны кино, “Өнгөрсөн” баримтат уран сайхны киноныхоо зохиолыг бичиж, найруулжээ. Үүний ард “Аз жаргалын эрэлд-2” киноны зохиолч, найруулагчаар бөгөөд түүний санаачилж, эхлүүлсэн “Ах дүү гурав” инээдмийн уран сайхны кино төслийг “Эмоци” продакшны жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Ө.Мөнх-Эрдэнэ “Захиалгат инээд” хамтлагийнхантайгаа нийлж, дэлгэцийн бүтээл болгосон.
MAGGDO
Ами сурагч байхдаа “Rewel boys” хип хоп хамтлагийн гишүүн байжээ. Тэдний хамтлаг аймагтаа зохион байгуулагддаг тэмцээн бүрт түрүүлдэг байсан гэхэд хилсдэхгүй. Дараа нь КУДС-ийн оюутан байхдаа сургуулийнхантайгаа хамтлаг байгуулж, элдэв арга хэмжээндээ дуулдаг байж. Сүүлд 2013 онд Ариунбаатар, Ганзориг, Гэрэлт-Од найзтайгаа нийлж, MAGGDO нэртэй поп, опера чиглэлийн хамтлаг байгуулсан. Хамтлагийн нэрний эхний дөрвөн үсэг гишүүдийн нэр бол, DO нь Дорнод аймгийн товчлол. MAGGDO цомог гаргах хэмжээний уран бүтээлтэй бөгөөд 10 гаруй дуутай, ихэнх нь клиптэй. Гэлээ ч хамтлагийн гишүүд цаг зав муутай болсноос үүдэн сүүлийн хоёр жил шинэ уран бүтээл хийгээгүй аж. Энэ хугацаанд Ами өөрийн соло бүтээлүүдээ гаргасан.
Хоймортоо “Гэгээн Муза” зална гэж хэлснийхээ ард хоёр “Муза”-тай очсон
“Гэгээн Муза” наадмын улаан хивсний ёслолыг үзэж суусан найруулагч Мөнх-Амьдралд “хөрш” театрынх (Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театр) нь уран бүтээлчид шагнал авсан нь цагаан атаархлыг нь төрүүлжээ. Ийн манай театр яагаад “Гэгээн Муза”-д өрсөлдөж болохгүй гэж бодон “Ярьдаг мод” хүүхдийн жүжгийн зохиолоо эхлүүлсэн гэв. Өнгөрсөн онд болсон "Гэгээн Муза" олон улсын театрын их наадмын Хүүхдийн жүжгийн төрөлд шилдэг жүжгийн зохиолч, найруулагч, эмэгтэй гол дүр, хөгжмийн зохиолч, тайзны зураач, эрэгтэй туслах дүр зэрэг зургаан “Муза” хүртэж, "Гэгээн Муза"-гийн шилдгийн шилдэг буюу Гран-при шагнал авсан тус жүжгээ бичихэд ээж, хүүхдүүд нь гол хөшүүрэг болжээ. Учир нь найруулагчийн ээж гэртээ олон цэцэгтэй бөгөөд ач нар нь цэцгийг нь хугалахад “Энэ цэцгүүд амьтай, хүнтэй адил өвддөг” хэмээн зэмлэжээ.
Анх “Flowers” нэртэй байсан хүүхдийн жүжгийн зохиол Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын Урлагийн зөвлөлөөр батлагдаж, тайзнаа амилсан түүх энэ. Мөнх-Амьдрал “Би ер нь ихээ амны билэгтэй хүн. Ариунбаатар найзынхаа өрөөнд ороод “Миний найз “Гэгээн Муза” авахаараа хаана тавих гэж байна” гэж асуусан. Мөн театрын зураач ахдаа таныг тэтгэвэрт гарахаас өмнө дүү нь “Гэгээн Муза” авч өгнөө гэж хэллээ. Гэрийнхээ хойморт хоосон тавиур зэхчихсэн байсан чинь ээж өөр юм тавих гэж байхаар нь “Ээжээ орхичих оо. Хүү нь наана чинь “Гэгээн Муза” зална гэж хэлсэн юм. Яг тэр тавиур дээр одоо хоёр “Муза” байгаа” гэв.
Энэ бүтээлийнхээ дараа Ами “Мангасуудын шорон” нэртэй хүүхдийн жүжгийн зохиол бичжээ. “Мангасуудын шорон” жүжгээ аймгаасаа “Гэгээн Муза” уралдаанд сойх зорилго тээж яваа. Түүнийг шинэ жүжиг найруулах бүрт нь театраас нь, кино хийх болгонд орон нутгийн удирдлага, бизнес эрхлэгчид, иргэд нь маш сайн дэмждэг аж. Түүнчлэн аймагтаа кино хийхэд нь дорнодынхон маш сайн дэмжсэний ачаар дөрөв, таван ч киноныхоо ард амжилттай гарснаа тусгайлан хэлж байв. Эхэнд дурдсанчлан Мөнх-Амьдрал өдгөө Улсын драмын эрдмийн театрын шинэ уран бүтээл “Миний аав, миний баатар” хүүхдийн жүжгийн зохиолч, найруулагчаар ажиллаж байна.
Хүн хүсч, хөдөлмөрлөж чадвал хот, хөдөөгийн ялгаа гэж байхгүй
Ами урлагийн сургуульд элсэх хүсэлтэй аймгийнхаа хүүхдүүдэд заавар зөвлөгөө өгч, шалгалтад бэлдэхэд нь тусалдаг. Өнгөрсөн хугацаанд түүнээс долоо, найман хүүхэд “давтлага” авахад бүгдэд нь “Чамайг сургуулиа төгсөөд заавал аймагтаа ир эсвэл тэндээ үлд гэж хэлэхгүй. Гэхдээ Дорнодын театрын чинь үүд хаалга нээлттэй шүү” гэдгийг захиж хэлжээ. Мөн түүний “шавь” нараас хоёр нь сургуулиа дүүргээд төрөлх аймгийнхаа театрт ажиллаж байгаа. Орон нутгийн найруулагчтай хийсэн уулзалт дуусахад, тэр “
Их сургуулийн багш оюутнуудаа энэ хотынх, тэр хөдөөнөөс ирсэн гэж ялгахгүйгээр хичээлээ нэгэн ижил л заадаг. Харин бид хөдөө ингээд оромдоод хийхэд болно доо гэсэн бодлоосоо болж алддаг. Би жүжгээ найруулахдаа бусад орон нутгийн театруудаас илүү гарчихвал болно доо гэж биш, Их театр(УДЭТ)-тайгаа өрсөлдөнө гэж том харж, сэтгэж ажилладаг” гэж хэлэхэд энэ үгийг нь нотлох мэт өнгөрсөн жилийн “Гэгээн Муза” наадмын улаан хивсний ёслолыг нэхэн саналаа.
Орон нутгийн найруулагч | ||
Үзсэн: 3316 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.