Шууд Chart

Францад 100 мянга гаруй байшин барилга эрчим хүчгүй болжээ

2019-12-18 16:12:31

Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн бүх нийтийн эсэргүүцлийн улмаас Францад 100 мянга гаруй байшин барилга эрчим хүчгүй болжээ. Засгийн газрын шинэ бодлогын улмаас Франц даяар болж байгаа ажил хаялтыг дэмжин мягмар гарагт дахин жагсаал цуглаан хийсэн байна. Францын Дотоод хэргийн яам, 615 мянган хүн эсэргүүцлээ илэрхийлсэн гэж мэдээлсэн бол үйлдвэрчний эвлэлийнхэн 1.8 сая хүн оролцсон гэжээ.

Үүний улмаас орон сууцны болон албан байгууллагын 100 мянган байшин барилга түр цахилгаангүй болж, сургуулиуд хаалгаа барьж, зам хаагдан нийтийн тээврийн үйлчилгээ доголджээ. Хурдны галт тэрэгний 25 хувь нь ажиллан, Парис хотын метроны сүлжээний тал нь хаагдсан байна.

Францын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо буюу Хөдөлмөрийн нэгдсэн холбооны гишүүд Лион, Бордо хотуудад цахилгаан эрчим хүчийг зориудаар түр тасалж, аялал жуулчлалын үйл ажиллагаанд саад учруулсан байна.

Мягмар гарагт болсон энэ эсэргүүцлээс өмнө төмөр зам зэрэг тээврийн ажилчид ажил хаяснаас хүмүүс ажилдаа явахад хүнд болоод байсан юм. Энэ шалтгаанаар Парис хотод унадаг дугуй болон цахилгаан скүүтрийн осол өссөн байна. Мөн нөхцөл байдлын улмаас тус улсын Тэтгэврийн асуудал эрхэлсэн тусгай комиссар даваа гарагт огцроод байна.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны Засгийн газар тэтгэврийн шинэчлэл хийж зарим онцгой хөнгөлөлтүүдийг хасахаас гадна тэтгэврийн насыг 64 болгож өсгөж байгаа юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Францад 100 мянга гаруй байшин барилга эрчим хүчгүй болжээ  
Үзсэн: 587 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй