
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад хариуцлага тооцохоор зүйлчилсэн хоёр заалт бүхий баримтыг Парламентын доод танхим дэмжлээ. Ингэснээр АНУ-ын түүхэнд Төлөөлөгчдийн танхим нь Цагаан ордны тэргүүнийг буруутган, хариуцлага тооцсон гурав дахь тохиолдол болж байна.
Одоо Ерөнхийлөгч Дональд Трамп, Сенатын танхимд болох шүүх хурлаар орж буруутай эсэхээ тогтоолгоно. “Эрх баригч намын нөхөд нь түүнийг энэ хариуцлагаас аваад гарчих байх” гэж барууны хэвлэлүүд бичиж байгаа ч Төлөөлөгчдийн танхимд болсон санал хураалт хэдэн сар үргэлжилсэн мөрдлөг шалгалтын оргил хэсэг боллоо гэж мөн мэдээлж байна.
Гишүүд “Трампыг өөртөө давуу байдал бүрдүүлэн, 2020 оны сонгуульд ялалт байгуулахын тулд улс төрийн өрсөлдөгчөө Украины Засгийн газраар мөрдүүлэх гэсэн. Энэ хэргээр нь эхлүүлсэн Парламентын мөрдөн шалгах үйл ажиллагаанд нөлөөлж саад учруулсан” гэсэн үндсэн хоёр заалтыг зургаан цагийн турш авч хэлэлцсэний эцэст орон нутгийн цагаар лхагва гарагийн орой санал хурааж дэмжсэн байна. Сөрөг хүчин Ардчилсан намын гишүүдээс гадна бие даагч нэг улстөрч дэмжсэн бол эрх баригч Бүгд найрамдахчууд бүгд эсрэг санал өгчээ.
Үүнээс өмнө 1868 онд АНУ-ын Ерөнхийлөгч Эндрью Жонсон, 1998 онд Билл Клинтон нар Төлөөлөгчдийн танхимаас зэм хүлээсэн ч, Сенат дээр аврал хүртэж байсныг дурдаж байна.
Харин 1969-1974 оны хооронд Америкийн 37 дахь Ерөнхийлөгч байсан Ричард Никсон Вотергейтийн хэрэгт холбогдсоноосоо болж Парламентийн доод танхимд хариуцлага тооцохоос өмнө огцорч байжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад Парламентын доод танхим нь хариуцлага тооцлоо | ||
Үзсэн: 877 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.