Шууд Chart

Абэ Шинзо, Мүн Жэ Ин, Ши Жиньпин нар уулзаж байна

2019-12-23 13:06:07

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хятадын дарга Ши Жиньпин нар өнөөдөр Бээжинд уулзаж байна. АНУ, Умард Солонгосын харилцаа дахин хурцдах нь гэсэн болгоомжлолын үүднээс талууд гурван талт уулзалт хийж байна гэж хэвлэлүүд тайлбарлаж байна. 

Ингэхдээ эхлээд Хятадын дарга Ши Жиньпин  Мүн Жэ Ин, Абэ Шинзо нарыг тус тусад нь хүлээн авч уулзсаны дараа Хятадын Төрийн зөвлөлийн дарга Ли Көцъян тэдэнтэй гурван талт хэлэлцээр хийнэ. Энэ үеэр тэд Умард Солонгосын нөхцөл байдлын талаар голчлон хэлэлцэх төлөвтэй ч, Сөүл, Токиогийн хоородох эдийн засгийн маргааныг мөн авч үзэх юм байна.

Өнгөрөгч долоо хоногт Бээжин Оросын талтай хамтран Пехнъяны эсрэг зарим хоригуудыг цуцлах талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандахаар төлөвлөжээ. Гэхдээ одоо Өмнөд Солонгос, Японы талыг ятгаж чадах эсэх нь тодорхойгүй байна гэж зарим хэвлэл мэдээлж байна.

Умард Солонгосын тухайд “АНУ-д Зул сарын баярын бэлэг илгээнэ” гэж энэ сарын эхэнд мэдэгдээд байсан бол, өнгөрөгч ням гарагт Умард Солонгосын төрийн мэдээллийн агентлаг “Удирдагч Ким Жон Ун цэргийн чадавхиа нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр тус улсын цэргийн өндөр албаныхныг дуудаж уулзсан” гэж мэдээлсэн байна.

Мөн бямба гарагт “АНУ Умард Солонгосын хүний эрхийн асуудлыг хөндөж шүүмжилснийхээ хариуд ихийг төлөх хэрэгтэй болно” гэж бичжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Абэ Шинзо, Мүн Жэ Ин, Ши Жиньпин нар уулзаж байна  
Үзсэн: 950 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй