
Зул сарын ил захидал хэвлэдэг БНХАУ-ын нэгэн үйлдвэр хоригдлуудаар албадан хөдөлмөр эрхлүүлдэг гэдгээ үгүйсгэлээ. Британийн “ТЭСКО” сүлжээ супермаркетын худалдан авагч зургаан настай охин Хятадад үйлдвэрлэсэн ил захидлыг худалдан авсныхаа дараа үйлдвэрийн ажилчин ил захидалд зурвас бичиж үлдээснийг олж, олонд ил болгосон билээ.
Энэ үйл явдлын дараа “ТЭСКО” сүлжээ Хятадын уг үйлдвэртэй хамтын ажиллагааны гэрээгээ зогсоосон байна. Тэгвэл ил захидал нийлүүлэгч “Жэйжиан Юнгуань Принтинг” үйлдвэрийн төлөөлөгч “Гадаадын хэвлэлүүд холбогдсоны дараа л бид энэ мэдээллийг олж мэдсэн. Бид хэзээ ч ийм зүйл хийж байгаагүй. Гэтэл тэд яагаад манай компанийн нэрийг дурдаад байна вэ” гээд, албадан хөдөлмөр эрхлүүлдгийг үгүйсгэжээ.
Харин БНХАУ-ын ГХЯ-наас энэ мэдээллийг "инээдэмтэй жүжиглэлт" гэж мэдэгдсэн. Баасан гарагт Хятадын энэ үйлдвэрийг зогсоох шийдвэр гаргаж, мөрдлөг шалгалт явуулж эхэлсэн тухай “ТЭСКО”-гийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Харин үйлдвэрийн удирдлагуудад энэ шийдвэрийг амралтын өдрүүдэд танилцуулсан байна.
“ТЭСКО”-гийн удирдлагууд энэ долоо хоногт үйлдвэрийн төлөөлөгчид, нийлүүлэгчидтэй уулзахаар төлөвлөсөн байна. Түүнчлэн хамгийн сүүлд энэ үйлдвэрээс 10 дугаар сард захиалга хийсэн гэжээ.
Дашрамд дурдахад, Флоренс Уиддик хэмээх нэгэн охин ангийнхаа хүүхдүүдэд Зул сарын ил захидал бичиж байхдаа ил захидал дээрх зурвасыг олсон байна. Муурын зурагтай тэрхүү ил захидал дээр “Бид Хятадын Шанхай хотын Цинпу шоронд ял эдэлж байгаа гадаадын хоригдлууд. Биднийг хүчээр хөдөлмөр эрхлүүлж байна. Бидэнд тусалж, хүний эрхийн байгууллагуудад мэдэгдэнэ үү” гэж толгой үсгээр бичсэн байжээ.
Түүнчлэн уг ил захидалд Цинпу шоронд ял эдэлж байсан Британийн сэтгүүлч Питер Хамфритай холбогдохыг хүссэн байна.
Зул сарын ил захидал хэвлэдэг компани хоригдлуудаар албадан хөдөлмөр эрхлүүлдэг гэдгийг үгүйсгэлээ | ||
Үзсэн: 1048 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.