
ОХУ дэлхий нийтийг холбосон интернет сүлжээг салгаж, дотоод холбоо үүсгэх туршилтаа хийлээ. Оросын харилцаа холбооны асуудал эрхэлсэн яамнаас энэ тухай туршилт амжилттай болсон гэж мэдээлсэн байна. Ингэхдээ “РаНет” гэдэг интернетийн дотоод сүлжээгээ Москва даваа гарагт туршиж, үүнд Оросын харилцаа холбооны дөрвөн компани оролцож, 18 төрлийн халдлага хийж үзсэн гэж мэдээлж байна.
Харин Оросын төрийн мэдлийн "Россия-24" сувгаар “Үнэндээ албаныхан энэ туршилтаа сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд хийсэн” гэжээ. “Туршилтын үр дүнд албаныхан болоод интернет сүлжээний үйлчилгээ үзүүлэгчдийн аль, аль нь онцгой үед хариу үйлдэл үзүүлж, интернетийн болон харилцаа холбооны тусдаа сүлжээг найдвартай ажиллуулахад бэлэн гэдэг нь харагдлаа” гэж ОХУ-ын Харилцааа холбооны орлогч сайд Алексей Соколов ярьжээ. Мөн үр дүнг нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд танилцуулна гэсэн байна.
Сүүлийн жилүүдэд олон улсын интернет сүлжээг хааж, дотоод холбоотой болох гэсэн хандлага газар авч байгаад шинжээчид санаа зовниж байна. Ингэж “Дэлхий нийтийг холбосон өргөн сүлжээнээс тасалснаар тэр улсын иргэд улс орондоо болж байгаа зүйлсийн талаар хүмүүс ямар сэдэв өрнүүлж байгааг мэдэх боломжгүй болж, хөөсөрсөн мэдээллийг л хүлээж авдаг болно” гэж компьютерийн салбарын эрдэмтэд ярьцгааж байна.
Шинжээчдийн хэлж байгаагаар Иран болон Хятадын Засгийн газрын хийсэн зүйлсийг сонирхон ард иргэдээ хянахыг хүсдэг захиргаадалтын дэглэмтэй улсууд нь улам нэмэгдэх болжээ.
ОХУ-ын тухайд энэ оны тавдугаар сард Ерөнхийлөгч Владимир Путины гарын үсэг зурсан шинэ хуульд зааснаар Оросын интернет хангамжийн компаниуд мэдээллийн хяналтыг төвлөрүүлэх төхөөрөмж суурилуулж, хориотой цахим хуудсуудыг шүүх үүрэг хүлээсэн. Гэхдээ Владимир Путин энэ талаар өнгөрөгч долоо хоногт хийсэн ээлжит хэвлэлийн хуралд “Олон улсын интернет сүлжээг хаах зорилгогүй” гэж мэдэгдсэнийг зарим хэвлэлд дурдаж байна.
Дэлхий нийтийг холбосон интернет сүлжээг салгаж, дотоод холбоо үүсгэх туршилт хийлээ | ||
Үзсэн: 598 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.