Шууд Chart

Ливийн Засгийн газарт цэргийн тусламж үзүүлэхийг Туркийн парламент дэмжлээ

2020-01-03 10:41:18

НҮБ-аар хүлээн зөвшөөрсөн Ливийн Засгийн газарт цэргийн тусламж үзүүлэхийг Туркийн парламент дэмжлээ. Триполид нэг жилийн хугацаатай цэрэг илгээх Туркийн Ерөнхийлөгчийн бодлогыг парламент нь шуурхай хурал зарлан пүрэв гарагт хэлэлцсэн байна.

“Анкара Ливийн Засгийн газар цэргийн дэмжлэг үзүүлснээр нөхцөл байдлыг дэвэргэж, өөр нэг шинэ мөргөлдөөнд татагдан орох шаардлага үүснэ” гэж Туркийн сөрөг хүчний “Ардын бүгд найрамдах нам”-ыхан эсэргүүцсэн ч парламентын дийлэнх олонх болсон эрх баригч “Шударга ёс, хөгжлийн нам” гишүүд дэмжжээ.

Гэхдээ одоогоор Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоганы гаргасан энэ төлөвлөгөөний дагуу хэдэн цэрэг, хэзээ илгээх нь тодорхойгүй. Нарийн асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр болгосон байна. Үүгээр бол Ливид цэрэг илгээхтэй холбоотой асуудлуудыг Туркийн Ерөнхийлөгч шийднэ. Энэ талаар парламентаар хэлэлцэхээс өмнө “Цэргийн зөвлөхүүд, дрон онгоцууд болон тусгай ажиллагааныхнаас эхэлж Ливид илгээх байх, гэхдээ манай цэргүүд өөрсдөө тэнд оролцох шаардлага гарахгүй байх гэж найдаж байна” гэж Туркийн дэд Ерөнхийлөгч Фуат Октай ярьсныг Оросын хэвлэлд дурджээ.

Пүрэв гарагт парламент энэ шийдвэрийг баталсны дараахан  Реджеп Тайип Эрдоган, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Ливийн асуудлаар хэлэлцсэн гэж ажлын албанаас нь мэдээлж байна. Хэвлэлүүдэд энэ талаар өмнө нь “Хэрэв Анкара Ливийн НҮБ-аар хүлээн зөвшөөрсөн Засгийн газарт цэргийн тусламж үзүүлбэл, Ливийн зүүн бүсийг хянаж байгаа цэргийн дээд цолтон Халифа Хавтарыг дэмждэг улс орнууд ч оролцоогоо өсгөж хямрал мөргөлдөөнийг улам хурцатгана” гэж бичиж байсан юм. Эхнээсээ Египт зэрэг улсууд Туркийн талын шийдвэрийг буруутган, “Газар дундын тэнгисийн тогтвортой байдал алдагдаж болзошгүй” гэж анхааруулаад байна.

Ливи улс нь 2011 онд НАТО-гийн тусламжтайгаар Муаммар Каддафийн 40 гаруй жилийн ноёрхлыг үгүй хийсэн боловч Триполли хотод төвлөрч НҮБ-аар хүлээн зөвшөөрсөн Ливийн “Үндэсний эв нэгдлийн засгийн газар” болон Ливийн зүүн бүсийг мэдэлдээ авсан Халифа Хавтарын өөрсдийгөө Ливийн Үндэсний Арми гэж нэрлэсэн цэргүүдийн хооронд мөргөлдөөн тасрахгүй байгаа юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Ливийн Засгийн газарт цэргийн тусламж үзүүлэхийг Туркийн парламент дэмжлээ  
Үзсэн: 1237 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй