
Японы цагдаагийн газар Франц-Японы автомашины “Рено-Ниссан-Мицүбиши” альянсын тэргүүн асан Карлос Гоныг гэрийн хорионд байснаа Японоос хэрхэн зугтаж гарсан хийгээд дүрвэхэд нь хэн тусалсныг тогтоохоор ажиллаж байна гэж Японы олон нийтийн телевиз мэдээллээ.
Японы цагдаа нар одоогийн байдлаар ажиглалтын нөөц камеруудын бичлэгийг шүүж байна. Түүнийг зугтахад нэлээд хэдэн хүн тусалсан гэж хууль сахиулагчид үзэж, Карлос Гонд дахин шинэ хэрэг үүсгэжээ. Карлос Гон өдгөө Ливанд байрлаж байна.
Ливаны иргэншилтэй тэрбээр шинэ оноо Бейрут хотын Ашрафия христийн хороололд харшдаа гэр бүлийнхнийхээ хүрээлэл дунд өнгөрүүлжээ. Тэрбээр энэ сарын 8-нд Бейрут хотноо хэвлэлийн бага хурал хийх төлөвтэй байна. Энэ үеэрээ хэвлэлийнхэнтэй чөлөөтэй ярилцаж, Японы шүүх үйл ажиллагаатай холбоотой материалуудаа танилцуулахаар зэхэж байгаа гэнэ. Мөн автомашины үйлдвэрийн тэргүүнээр ажиллаж байхад нь саад болсон япон менежерүүдийн нэрийг зарлахаар шийдвэрлэжээ.
Түүнчлэн Ливаны хэвлэлүүдээр Карлос Гоныг Ливаны төрийн тэргүүн Мишель Аун хүлээн авч уулзсан, шаардлагатай хамгаалалтыг түүнд гаргаж өгөхөө амласан гэсэн мэдээлэл гарсан байна. Франц-Японы автомашины “Рено-Ниссан-Мицүбиши” альянсын тэргүүн Карлос Гоныг хөгжмийн зэмсгийн хайрцагт нуугдан Японы нэг мужийн нисэх онгоцны буудлаас нисч Турк улсад очсон. Дараа нь Турк улсаас хувийн жижиг онгоцоор Ливанд ирсэн гэж Ливаны хэвлэлүүдэд мэдээлжээ.
Харин Токиогийн хувьд Карлос Гон хэрхэн улсаасаа гарсан нь одоо ч оньсого хэвээр байгаа юм. Японы хилийн албаныхны мэдээлснээр Карлос Гон нэртэй хүн сүүлийн өдрүүдэд Японоос гарч яваагүй гэжээ. Тиймээс өөр нэрээр гарч явсан гэж таамаглаж байна.
Франц, Бразил, Ливаны иргэншилтэй Карлос Гоныг 2018 оны 11 дүгээр сард Токиогийн прокурорын газраас баривчилсан юм. Мөрдлөг шалгалтын явцад 2010-2018 оны хооронд “Ниссан”-ы захирлуудын зөвлөлийн даргаар ажилллаж байхдаа өөртөө 9 тэрбум иенийн шагнал олгосноо Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ зохих ёсоор мэдүүлээгүй нь тодорхой болсон. Мөн түүнийг өөр хэрэгт ч буруутгаж байна. Карлос Гоныг өнгөрөгч дөрөвдүгээр сард 500 сая иенийн барьцаагаар суллаж, гэрийн хорионд оруулсан байна.
Карлос Гоныг дүрвэхэд хэн тусалсныг тогтоохоор ажиллаж байна | ||
Үзсэн: 550 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.