
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Иракийн Ерөнхий сайд Адель Абд аль-Махдитай утсаар ярих үеэрээ 12 дугаар сарын 31-ний өдөр Багдад хот дахь АНУ-ын ЭСЯ руу халдсаныг хатуугаар шүүмжиллээ. Энэ үеэрээ тэрбээр Иракийн засаг захиргаанаас авч байгаа арга хэмжээг дурдаад, Америкийн дипломат төлөөлөгчийн газрыг хамгаалах үүргийг нь сануулсан гэж Төрийн департаментаас мэдээлж байна.
Майк Помпеогийн хувьд Ирак дахь ЭСЯ руу нь халдсан үйлдлээс болж Украин, Белоруссь, Казахстан, Узбекистан, Кипрт хийх гэж байсан айлчлалаа цуцалсан байна. Мөн ЭСЯ-ны үйл ажиллагааг түр зогсоожээ. Түүнчлэн ЭСЯ-ыг хамгаалахаар тэнгисийн явган цэргийн 100 дайчныг илгээж, агаарт хоёр нисдэг тэрэг эргэлдэн хамгаалж байсан тухай хэвлэлүүдэд мэдээлж байна.
Эсэргүүцэгчид мягмар гарагт Багдад дахь АНУ-ын ЭСЯ-ны гол хаалга руу дайрах гэж оролдсон юм. Энэ үеэр АНУ-ын талаас жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий ашигласан байна. Уг нь АНУ-ын ЭСЯ Иракийн нийслэлийн “ногоон бүс” буюу дипломат төлөөлөгчийн газрууд, Засгийн газрын байр оршдог хэсэгт байрладаг.
Багдад дахь АНУ-ын ЭСЯ-ны үүдэнд 2019 оны сүүлчийн өдрөөс эхлэн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн нь АНУ-ын Агаарын цэргийн хүчнээс Сиритэй хиллэдэг Эль-Каим хотод “Каттаиб Хезболла” шийтүүдийн бүлэглэлийн хуаран руу халдсантай холбоотой. Халдлагын улмаас 25 хүн амиа алдаж, 50 гаруй хүн шархаджээ.
Иракийн засаг захиргаа Америкийн цохилтыг эрс шүүмжилсэн байна. Харин АНУ Ирак дахь баазууд руу нь “Каттаиб Хезболла” бүлэглэлээс байнгын давтамжтайгаар халдлага үйлдэж байсан тул цохилт хийсэн гэж мэдэгдсэн. Америкийн халдлага нь Киркукт Америкийн нэг иргэн амиа алдаж, дөрвөн дайчин нь шархадсаны хариу үйлдэл гэж Пентагоноос мэдээлж байсан юм.
Иракийн Ерөнхийлөгч Бархам Салех мягмар гарагт Багдад дахь АНУ-ын ЭСЯ руу эсэргүүцэгчид халдсаныг шүүмжлээд, энэхүү үйлдэл нь Иракийн өөрийнх нь тусгаар тогтнол руу халдсан үйлдэл гэж мэдэгджээ.
Багдад хот дахь АНУ-ын ЭСЯ руу халдсаныг шүүмжиллээ | ||
Үзсэн: 581 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.