
Иран улс, эсвэл Ираны дэмждэг зэвсэгт бүлгүүд халдлага хийхээр төлөвлөж байж магадгүй гэж АНУ-ын тал мэдэгдлээ. АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер пүрэв гарагт энэ талаар мэдэгдээд “АНУ ард иргэдээ хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай болж магадгүй” гэсэн байна. Ингэхдээ тэрбээр “Тэд дахин халдлага үйлдэхээр төлөвлөж байж магадгүй шинж илэрсэн. Бид хоёр, гурван сарын өмнөөс үүнийг ажиглалаа” гэсэн боловч ямар нэг баримт нотолгоо гаргаж үзүүлээгүй байна.
Шинэ оны өмнөхөн Вашингтон Ираны талын дэмжлэгийг авдаг "Катаиб Хезболла" бүлгийн байршилд цохилт хийснийг эсэргүүцэн Ираны талыг дэмжигчид Багдад дахь АНУ-ын ЭСЯ руу халдан хоёр өдөр жагссан. Гэвч Америкийн тал нэмэлт цэрэг илгээсний дараа лхагва гарагт эсэргүүцлийн үйл ажиллагаа зогссон байна.
Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүрэг чиглэл өгч Багдад дахь олон улсын нисэх буудалд агаарын цохилт хийх үеэр тус улсын Хувьсгалт Гвардын нэг нэгжийн дарга, генерал Касем Сулеймани нас барсан болохыг Ираны төв телевив, Пентагоны тэргүүн батлан мэдэгдээд байна.
Ингэснээр хоёр улсын зөрчил маргаан хурцдаад байна гэж хэвлэлүүд бичиж байна. Касем Сулейманийн хамтаар Ираны шийт урсгалын зэвсэгт бүлгийн удирдагчдын нэг нас барсан гэсэн мэдээлэл байна. Тэдний үхэл Ойрхи Дорнодод хямрал дагуулж, Ираны талыг дэмждэг хүчнүүдээс хариу арга хэмжээ авч болзошгүй байна гэж "Алжазеера" мэдээлж байна.
Марк Эспер: АНУ ард иргэдээ хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай болж магадгүй | ||
Үзсэн: 708 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.