Шууд Chart

Теннисчин Мария Шарапова Австралид 25 мянган австрали доллар хандивлажээ

2020-01-06 15:36:13

Оросын алдарт теннисчин Мария Шарапова Австралийн гал түймрийг унтрахад 25 мянган австрали доллар хандивлаж, Сербийн теннисчин Новак Жоковичийг сайн үйлсэд уриаллаа. Мария Шарапова "твиттер" хуудсаараа дамжуулан “Австралийн нэгдүгээр сар амьдралынх нь 15 жилийн турш орон гэр нь болж ирсэн” гээд 17 мянга 400 ам.доллартай тэнцэх 25 мянган австрали доллар хандивлаж байгаагаа бичжээ. Ингэхдээ тэрбээр дэлхийд чансаагаараа хоёрдугаарт бичигддэг Сербийн мэргэжлийн теннисчин Новак Жоковичийг мөн сайн санааны үйл хийхийг уриалсан байна.

Гранд слам ангиллын таван удаагийн аварга, дэлхийн шилдэг тамирчин Мария Шарапова 2019 онд мөрөндөө гэмтэл авснаас чансаагаараа 133-т бичигдэж буурсан юм. Энэ жил 32 настай тэрээр өнөөдөр Австралийн Брисбене хотод эхлэх мэргэжлийн теннисийн олон улсын тэмцээнд оролцох юм байна.

Тэрбээр Австралийн түймрийг унтраахад туслах санал гаргахаас өмнө Австралийн теннисчин Ник Кирьос, Саманта Стосур нар оноо бүрээсээ 200 автсрали доллар өгөхөөр болсон бол, мөн Австралийн теннисчин Алекс де Минор, Жон Милмон нар оноо бүрээсээ 250 болон 100 автрали доллар хандивлахаа мэдэгдээд байжээ.

Мөн Австралийн теннисчин бүсгүй Эшли Барти Брисбенийн олон улсын тэмцээнд ялалт байгуулбал 382 сая автрали доллар хандивлахаар болоод байгаа юм байна. Тэрбээр өнгөрсөн оны сүүлд эхэлсэн түймэрт өртсөн газруудад хэдийнэ 30 мянган австрали доллар сайн үйл болгон нэмэрлэжээ.

Хэдэн сарын турш асч байгаа түймрийн улмаас Австрали улсад 23 хүн нас барж, 6 сая га газар шатаад байна. Өнгөрөгч баасан гарагийн сүүлчээр хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажилд тэнгисийн болон нисэх хүчний цэргүүдийг дайчилж эхэлсэн юм. Ням гарагт Сидней хотоос Мелбурн хүртэл зүүн эрэг дагуу бороо орж, түймэрт өртсөн таван газар агаарын хэм бага зэрэг буурсан ч, дахин халах төлөвтэй байна гэж цаг уурчид анхааруулж байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Теннисчин Мария Шарапова Австралид 25 мянган австрали доллар хандивлажээ   
Үзсэн: 588 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй