
Германы канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон болон Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нар Иран улсыг цөмийн гэрээнд үл нийцэх алхам хийхээс зайлсхийхийг уриаллаа. Европын тэргүүлэгч орнуудын удирдагчид Ираны генерал Касем Сулеймани Иракийн нийслэл Багдад хотод Америкийн тусгай ажиллагааны үеэр амь үрэгдсэнээс болж Ойрхи Дорнодын нөхцөл байдал хурцадсантай холбоотойгоор ийнхүү санал бодлоо илэрхийлсэн байна.
Иран улсын хувьд генералынхаа өс хонзонг заавал авна гээд цөмийн гэрээгээр хүлээсэн центрифугийнхээ тоог хязгаарлах үүргээсээ татгалзаж байгаагаа мэдэгджээ. Европын тэргүүлэгч орнуудын тэргүүнүүдийн мэдэгдэлд “Ирак дахь эвслийн хүчин рүү саяхан халдсан явдлыг бид эрс буруушааж, бүс нутаг дахь Ираны бүс нутагт сөрөг нөлөө үзүүлж байгаад гүнээ санаа зовниж байна. Бид Иран улсыг цаашид хүчирхийллийн үйл ажиллагаа явуулах буюу ийм ажиллагааг дэмжихээс татгалзахыг уриалж байна. Мөн Иран улсыг цөмийн гэрээнд үл нийцэх бүхий л арга хэмжээгээ цуцлахыг уриалж байна” гэж тэмдэглэжээ.
Түүнчлэн Ангела Меркель, Макрон, Борис Жонсон нар Иракийг "Исламын улс"-тай тэмцэх ажиллагаанд олон улсын эвслийг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахыг уриалсан байна. Ирак, Сири дэх шийтүүдийн “Каттаиб Хезболла” бүлэглэлийн объектуудад Америкийн талаас цохилт хийснээс хойш бүс нутгийн нөхцөл байдал хурцадсан юм.
Пентагоноос энэ үйлдлээ Иракийн Киркукийн бааз руу халдсанаас болж Америкийн энгийн нэг иргэн амь үрэгдэж, дөрвөн цэрэг шархадсаны хариу гэж мэдэгдсэн. Энэ үйл явдалд дургүйцсэн шийтүүд Багдад дахь АНУ-ын ЭСЯ руу халдсан байна. Тэгвэл АНУ хариуд нь эдгээр ажиллагааг голлон зохион байгуулсан гэгдэх Ираны генерал Сулейманийг пуужингийн цохилтоор хөнөөжээ.
Генералын үхлийн хариуд Иран улс түүний өшөөг авна гэдгээ мэдэгдсэн төдийгүй ням гарагт цөмийн гэрээгээр хүлээсэн центрифугийнхээ тоог хязгаарлах үүргээсээ татгалзаж байгаа. Ингэснээр цөмийн гэрээнд хязгаарлах зүйл үлдээгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Ираныг цөмийн гэрээнд үл нийцэх алхам хийхээс зайлсхийхийг уриаллаа | ||
Үзсэн: 668 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.