
Холливудын Гадаад сэтгүүлчдийн холбооноос жил бүр зохион байгуулдаг, АНУ-д нэр хүндээрээ “Оскар”-ын дараа ордог “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах 77 дахь удаагийн ёслолын ажиллагаа ням гарагт Калифорни мужийн Беверли-Хиллст боллоо.
Нийт 25 төрлөөр шилдгийг тодруулдаг “Алтан бөмбөрцөг” наадмын гол шагнал буюу “Драмын шилдэг кино” төрлийг Сэм Мэндесийн “1917” хэмээх кино авсан байна. Энэ кино нь Дэлхийн нэгдүгээр дайны жилүүдэд аюултай даалгавар авсан хоёр цэргийн хувь заяаг үзүүлдэг. Мэндест “Шилдэг найруулагч” хэмээх эрхэм хүндтэй шагнал иржээ.
1986 онд Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан ослын тухай өгүүлдэг АНУ-ын “Чернобыль” нэртэй цуврал бичил кино “Телевизийн шилдэг цуврал буюу теле кино” төрөлд тэргүүлсэн байна. Найруулагч Квентин Тарантиногийн “Холливудад нэг удаа” кино “Алтан бөмбөрцөг” наадмын “Шилдэг инээдмийн кино буюу дуулалт кино” төрлийн шагналыг хүртэж, найруулагч нь өөрөө “Шилдэг кино зохиолч” боллоо. Энэ кинонд тоглосон жүжигчин Брэд Питт “Шилдэг туслах эрэгтэй дүр” төрлийн шагналын эзэн болжээ. Брэд Питтийн хувьд “Алтан бөмбөрцөг” наадамд долоон удаа нэр дэвшиж, хоёр удаа шагнал хүртэж байсан юм.
Жүжигчин Хоакин Феникс “Жокер” киноны гол дүрээр “Драмын шилдэг эрэгтэй жүжигчин” болсон бол “Жуди” кинонд гол дүрд тоглосон жүжигчин Рене Зеллвегер “Драмын шилдэг эмэгтэй жүжигчин” болжээ.
“Рокетмэн” кинонд тоглосон Тэрон Эжертон дуулалт киноны шилдэг дүрийн шагналтан болсон бол рэп дуучин Авквафина “Уучлал” киногоороо “Инээдмийн буюу дуулалт киноны шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд “Алтан бөмбөрцөг”-ийг хүртлээ. Тэгвэл “Гадаад хэл дээрх шилдэг кино”-гоор Өмнөд Солонгосын найруулагч Пон Жун Хогийн “Шимэгчид” кино шалгарчээ.
“Лайка” студийн “Алдагдсан салаа” кино “Шилдэг хүүхэлдэйн кино” шагналыг хүртсэн байна.
Наадмын гол шагнал “Алтан бөмбөрцөг” цом нь хоёр кг орчим жинтэй, 26 сантиметр өндөр юм. Энэ цомыг цайраар хийдэг аж. 24 каратын алтаар бүрсэн бөмбөлөгтэй, кино хальсаар ороосон дүрслэлтэй юм байна.
“Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах 77 дахь удаагийн ёслолын ажиллагаа боллоо | ||
Үзсэн: 1411 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.