Шууд Chart

Абэ Шинзо: Умард Солонгосын удирдагчтай урьдчилсан нөхцөлгүйгээр уулзахад бэлэн

2020-01-06 16:37:58

Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай урьдчилсан нөхцөлгүйгээр уулзахад бэлэн гэдгээ дахин илэрхийллээ. Тэрбээр шинэ оныг тохиолдуулан даваа гарагт хэвлэлийн хурал хийх үеэрээ “Хамгийн чухал асуудал болох хулгайлагдсан иргэдийнхээ асуудлыг аль болох хурдан шийдвэрлэхийн тулд Ким Жон Ун даргатай ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр уулзахад бэлэн байна” гэж мэдэгджээ.

Абэ Шинзо сүүлийн үед Умард Солонгосын удирдагчтай уулзахад бэлэн гэдгээ хэд хэдэн удаа мэдэгдэж байгаа юм. Тэрбээр 1970-аад онд Умард Солонгосын тагнуулынханд хулгайлуулсан япончуудаа эх оронд нь эргүүлэн авчрахын тулд Ким Жон Унтай уулзах хэрэгтэй гэж үздэг.

Хулгайлагдсан япон иргэдийн асуудал нь хоёр улсын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг. Пехньян 2002 онд анх удаа Японоос 13 иргэн хулгайлснаа хүлээн зөвшөөрч, тавыг нь эх орондоо буцахыг зөвшөөрсөн удаатай. Харин үлдсэн хүмүүсийг нь амиа алдсан хэмээн зарлаж, шарилыг нь төрөл төрөгсдөд нь илгээсэн боловч үнэхээр тэдний шарил мөн болох нь батлагдаагүй.

Ингээд хоёр улсын Засгийн газар 2014 онд хулгайлагдсан иргэдийн асуудлаар шинээр мөрдлөг шалгалт явуулахаар тохиролцсон ч Пехньяны санаачилгаар энэ тохиролцоог цуцалсан билээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Абэ Шинзо: Умард Солонгосын удирдагчтай урьдчилсан нөхцөлгүйгээр уулзахад бэлэн  
Үзсэн: 580 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй