
АНУ Иракаас дайчдаа гаргах бодолгүй байна гэж Пентагоны тэргүүн Марк Эспер хэлснийг “Ассошэйтед Пресс” агентлаг дамжууллаа. Вашингтон тэргүүтэй олон улсын эвслийн цэргүүд Багдадаас шаардсаны дагуу Иракаас цэргүүдээ шилжүүлэхэд бэлэн гэж “Ройтерс” агентлаг өмнө нь мэдээлсэн. Түүнчлэн Ирак дахь АНУ-ын хүчний командлагч, генерал Уильям Сили захидалдаа Америкийн цэрэг дайчдыг гаргаж эхэлсэн гэсэн тухай “Ройтерс”-т тэмдэглэсэн юм. Харин Марк Эспер энэ захидлыг өнөөгийн нөхцөл байдалд нийцэхгүй гэж мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд Америкийн хүчний байгуулсан агаарын цэргийн баазын хөлсийг Багдадаар төлүүлэхээс нааш цэргүүдээ Иракаас гаргахгүй гэж өмнө нь тэмдэглэж байсан. Түүнчлэн дайсагнасан ямар ч үйлдлийн хариуд Иракт хориг тавих болно гэдгийг анхааруулсан байна.
Эргэн сануулахад, Багдадад Лалын Бүгд Найрамдах Улсын Харуул хамгаалалтын корпусын “Кудс” тусгай анги нэгтгэлийн тэргүүн, генерал Касем Сулеймани Америкийн агаарын цэргийн хүчний тусгай ажиллагааны үеэр амь үрэгдсэнтэй холбогдуулан Иракийн парламент энэ сарын 5-нд "Исламын улс" алан хядах байгууллагатай тэмцэх эвсэлтэй байгуулсан гэрээгээ зогсоож, гадаадын цэрэг дайчдыг нутаг дэвсгэрээсээ гаргахаар болсон. Үүнээс гадна НҮБ-д АНУ-ын үйлдлээр гомдол гаргаж, Вашингтоныг Иракийн тусгаар эрхэд халдсан гэж буруутгажээ.
Тэгвэл Пентагоны тэргүүн Марк Эспер Америкийн цэрэг дайчдаа Иракаас гаргахгүй гэсэн мэдээлэлтэй зэрэгцэн Америкийн газрын тосны “Шеврон” компани Иракаас бүх ажилтнаа түр гаргаж эхэлжээ. Компаниас ажилтнуудын аюулгүй байдлыг бодолцон хэсэг хугацаанд Иракийн хойд хэсгийн Курдистанаас гаргаж байгаагаа зарласан байна. АНУ-ын Төрийн департаментаас Иракт байгаа иргэдээ аль болох хурдан энэ улсаас явахыг уриалсан байна.
АНУ-ын газрын тосны “Шеврон” компани Иракаас бүх ажилтнаа түр гаргажээ | ||
Үзсэн: 692 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.