Шууд Chart

"ИКЕА" корпораци хоёр настай хүү нь нас барсан гэр бүлд тэтгэмж олгохоор болжээ

2020-01-07 15:10:16

Шведийн "ИКЕА" корпораци тавилгынх нь аюулгүй байдлаас болж хоёр настай хүү нь нас барсан америк гэр бүлд 45 сая ам.долларын тэтгэмж олгохоор болсон тухай “USA Today” сонинд мэдээлжээ. 2017 онд Калифорни мужийн оршин суугч, хоёр настай Йозеф Дудек дээр "ИКЕА" компанийн "Мальм" загварын шүүгээ унаж, хүү амиа алдсан байна. Тэрбээр шургуулгатай шүүгээний энэ загвараас болж амиа алдсан найм дахь хүүхэд болжээ.

Хүүгийн ээж Жолин Дудек “Энэ оны дөрөвдүгээр сард хүү минь таван нас хүрэх байлаа. Тухайн үед хоёр настай хүүхэд 30 инчийн шүүгээг унагаад, дарагдчихна гэж огт бодоогүй. Энэ шүүгээг тогтворгүй байдлаар хийсэн, аюулгүйн стандартад нийцээгүй, олон жаахан хүүхдэд ийм зүйл тохиолдож байсныг бид сүүлд л олж мэдсэн” гэж мэдэгджээ.

"ИКЕА" компанийн зүгээс хүүгийн ар гэрийнхэнд тэтгэмж олгохоор болсноо баталсан байна. Энэ компани 2016 онд "Мальм" загварын шүүгээнээс болж хүүхдүүдээ алдсан гурван гэр бүлд 50 сая ам.долларын тэтгэмж олгосон юм. АНУ-д энэ загварын шүүгээ унасан 186 гомдол ирснээс 91-д нь хүүхдүүд оролдсоноос болж унасан гэнэ.

Үүнээс гадна өөр загварын шүүгээтэй холбоотой 113 гомдол санал иржээ. АНУ даяар 17.3 сая ийм тавилга зарагдсан байна. "ИКЕА" бол 1943 онд Шведэд байгуулагдсан дэлхийд томд тооцогдох тавилга, гэр ахуйн барааны худалдааны бөөний сүлжээ юм. 2017 оны эцсийн байдлаар энэ компани дэлхийн 49 улсад 403 дэлгүүр байгуулжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

"ИКЕА" корпораци хоёр настай хүү нь нас барсан гэр бүлд тэтгэмж олгохоор болжээ   
Үзсэн: 846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй