
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон Сенатын танхимд байцаалт өгнө гэж мэдэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад холбогдох хэргээр Сенатын танхимд болох шүүх хуралтай холбоотойгоор “Хэрэв Сенатын танхим надаас мэдүүлэг авахаар дуудуулбал би тэнд очиж байцаалт өгөхөд бэлэн байх болно” гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон даваа гарагт мэдэгдсэн байна.
Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр жил гаруй ажилласны хувьд Украинд шахалт үзүүлж, өөртөө давуу байдал бий болгосон гэх энэ хэргийн талаар нарийн мэдээлэлтэй хүн гэж ажиглагчид үздэг тухай хэвлэлүүд бичсээр байна. Учир нь Жон Болтоны Шадар туслах Фиона Хилл гэгч эмэгтэй Төлөөлөгчдийн танхимд болсон сонсгол хурал дээр “Болтон Ерөнхийлөгч Дональд Трампын хувийн өмгөөлөгч Руди Жулианыг бүгдийг тэсэлж бусниулах гар бөмбөг гэж хэлдэг” хэмээн мэдүүлсэн юм.
Харин Жон Болтон өөрөө “Би Гордон Сондланд, Мик Малвени нарын хийсэн хэрэгт холбогдолгүй” гэж ярьсан гэх мэдээлэл байгаа юм. Энд нэр дурдагдаж байгаа албаны хүмүүс нь бүгд Дональд Трамп Украины Засгийн газарт шахалт үзүүлсэн гэх хэрэгт холбогдоод байгаа юм.
Өмнө нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтоныг энэ хэргээр Төлөөлөгчдийн танхимаас дуудсан боловч Цагаан ордон хориг тавьж тэрбээр очиж мэдүүлэг өгөөгүй. Харин парламентын хоёр танхимын тухайд Сенатын танхим нь энэ талаар болох шүүх хурлын үеэр гэрчүүдээс нэмэлт тайлбар авахаас татгалзсан. Тиймээс Төлөөлөгчдийн танхим гэрчүүдийг нэмж байцаахаас нааш Дональд Трампад хариуцлага хүлээлгэх тогтоолыг Дээд танхимын даргад гардуулахаас татгалзаж байгаа юм.
Жон Болтон Сенатын танхимд байцаалт өгнө | ||
Үзсэн: 602 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.