Шууд Chart

Жишиг сум

2020-01-07 16:26:31

Монгол Улсын Засгийн газар 2012 оноос “Шинэ сум” сум төсөл хэрэгжүүлж 18 аймгийн 19 сумыг хамруулсан. Харин Дундговь аймгийн Гурвансайхан сумынхан Засгийн газраас хэрэгжүүлсэн дээрх төсөлд хамрагдаагүй ч өөрсдийн санаачилгаараа төсөл боловсруулан, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалт татсанаар орон нутагтаа бүтээн байгуулалтын ажил эхлүүлсэн.

Дээрх бүтээн байгуулалт улсын хэмжээнд жишиг хэмээн нэрлэгдэж, өнгөрсөн онуудад ихэнх аймаг, сумын ИТХ, Засаг даргын Тамгын газрынхан нь очиж танилцжээ. Мөн УИХ-ын гишүүд ч тойргийнхоо сумдын удирдлагад туршлага судлуулахаар Гурвансайханыг зорьдог.

Тэгвэл говийн бөглүү жижигхэн сум хэрхэн орчин үеийн жишиг сум болсон туршлагаас хүргэж байна.

Сумын төвийг яагаад зайлшгүй шинэчлэх шаардлагатай вэ. Мэдээж Монгол Улсын хөдөөнөөс суурин газар руу буюу орон нутгаас Улаанбаатар хот руу чиглэсэн дотоод шилжилт хөдөлгөөн ихэссэн. Үүнээс үүдэн нийслэлийн болон зарим суурин газрын байгаль-экологийн даац хэтэрч агаар, хөрс, ус зэрэг хүрээлэн буй орчны бохирдол нэмэгдэж байна. Үүнээс гадна нийслэлд эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээ ачааллаа дийлэхээ больж, замын түгжрэл дээд цэгтээ хүрсэн.

Цаашлаад сум, орон нутгийн инженерийн дэд бүтцийн хөгжил сул байгаагаас шалтгаалан хот хөдөөгийн нийгэм, соёл, эрүүл мэнд, боловсролын зааг ялгаа нэмэгдсээр байна. Түүнчлэн хөдөө сумдад ажлын байрны цөөрөхийн хэрээр алслагдсан сум, суурин газрууд эзгүйрэх хандлага бий боллоо.

Харин Дундговь аймгийн Гурвансайхан сумын тухайд "Сумын төвийн шинэчлэл төсөл"-ийн хүрээнд сумын ерөнхий төлөвлөлт, гадна ус хангамж, ариутгах татуургын систем, дулаан хангамжийн шугам сүлжээ, авто зам (явган зам, гэрэлтүүлэг), гадна тохижилт буюу айлуудын хашаа, төв талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн зэрэг бүтээн байгуулалтыг төлөвлөж, эхнээс нь гардан гүйцэтгэжээ. Ингэхдээ төслийн санхүүжилтийн эх үүсвэрт Азийн хөгжлийн банкнаас 2.5 тэрбум, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээс 250 мянган ам.доллар, Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 400 сая, ТИКА олон улсын байгууллагаас 550 сая төгрөг, тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниас 250 сая төгрөг, иргэдээс 500 сая төгрөг төвлөрүүлжээ.

Дээрх төсөл хэрэгжсэнээр Гурвансайхан сумын төв нэгдсэн халаалтад холбогдож, Соёл, спортын цогцолбор, 12 айлын орон сууц, шинэ цэцэрлэг, арванхоёр жилийн сургуулийн барилга барьж, өнгөрсөн онд халаалтын шугамаа сунгаж, бүх гудамжтайгаа холбожээ. Ингэснээр найман айл дулааны нэгдсэн сүлжээнд холбогдсон бөгөөд цаашдаа бүх айлыг халаалт, цэвэр, бохир усны шугамд холбохоор ажиллаж байна.

Мөн "Гудамж” төслийн багийнханд хандан хямд төсөр үнэтэй “Хаус хороолол”-ын зураг төсөл боловсруулж, сумандаа загвар сууц барьж, ашиглалтад оруулсан. Түүнчлэн сумын төвийн өнгө үзэмжийг нэмэх, иргэдийг цэвэр цэмцгэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд мод тарьж, ногоон байгууламж бий болгосон. Ингэхдээ тус сумын төвийн хатуу хөрсөнд мод ургуулах боломжгүй учир зэргэлдээх Дэлгэрцогт сумын газар нутгаас үржил шимт хөрс татаж, сумын төвөө зүлэгжүүлж, мод бут тарих болжээ.

Дундговь аймгийн Гурвансайхан сум өнгөрсөн оны тоон мэдээллээр 661 өрхийн 2088 хүн амтай. Нийт өрхийн 20 хувь нь сумын төвд, 80 хувь нь хөдөө амьдардаг. Гэлээ ч хөдөөгийн өрхийн дийлэнх нь төвдөө хашаа, байшинтай аж. Ингэснээр тус сумын төвд Улаанбаатар хотын захын хэсэгт ч хийгдээгүй бүтээн байгуулалтууд сүндэрлэж байна. Хүн амын хэт төвлөрөл нэг цэгт, чиглэлд өсөн нэмэгдэж буй өнөө үед сум орон нутгийн удирдлага болон иргэд санал санаачилга, оролцоогоо нэгтгэснээр Гурвансайхан сумын хүн ам, өрх айл шиг өөрийн төрж өссөн нутагтаа, ус, агаар, хөрсний бохирдолгүй, стресс, түгжрэл элдэв асуудлаас ангижран хот, суурин газрын хөгжилтэй хөл нийлүүлэн тав тухтай амьдрах боломж бий.

Өдгөө Гурвансайхан сумаас жишиг авч Завхан аймгийн Алдархаан сум, Төв аймгийн Заамар суманд мөн "Сумын төвийн шинэчлэл төсөл" хэрэгжиж байна.

Өнөөгийн байдлаар Монгол Улсад 330 сум, суурин байгаагаас 2000-2009 онд 23, 2010 оноос хойш 156 сумдын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулжээ. Үүнээс  2010-2017 онуудад 15.8 орчим тэрбум төгрөгөөр 156 сумдын зөвхөн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан. 2010-2017 онд боловсруулагдсан 156 сумдын ерөнхий төлөвлөгөөг 42 эрх бүхий аж ахуй нэгж, байгууллага гүйцэтгэсэн.

Гэхдээ “Аймаг нийслэлийн ерөнхий архитекторын дүрэм”, “Хот, тосгоны ерөнхий төлөвлөгөөний жижүүрийн хөтлөлт хийх үлгэрчилсэн заавар”-ын дагуу аймаг, сум орон нутгаас ирүүлж буй тайланд аймгийн хэмжээнд хийгдсэн ажлыг ерөнхий байдлаар дурдаж байгаа боловч төвийн сумаас бусад сумдад хийгдсэн ажлын талаар тодорхойгүй байна.

Энэ талаар "Сумын төвийн шинэчлэл төсөл"-ийг санаачлан, иргэдийнхээ оролцоотой амжилттай хэрэгжүүлж буй Дундговь аймгийн Гурвансайхан сумын Нутгийн зөвлөлийн дарга Р.Эрдэнэбүрэн “2010 оноос хойш батлагдсан сумдын ерөнхий төлөвлөгөөний дундаж хэрэгжилт 20.2 хувь байна. Хэрэгжилт хангалтгүй байгаа шалтгаан Хот төлөвлөлтийн зураг төсөл боловсруулах үе шатууд “Сумын төвийн шинэчлэл төсөл”-д тохиромжгүй, уян хатан бус. Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг төсөл (инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний нарийвчилсан зураг төсөл), бүтээн байгуулалтын ажил, төлөвлөлтийн арга зүй хуучирсан, учир дутагдалтай байна. Учир ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг хэт өндөр тооцдог (ойролцоогоор 40-100 тэрбум төгрөг), төлөвлөлтөд иргэдийн оролцоог бүрэн хангаж чаддаггүй, орон зайн төлөвлөлтийн шийдэл тухайн орон нутгийн байршил, газарзүйн онцлогт тохироогүй, оновчтой бус байна” гэв.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Жишиг сум  
Үзсэн: 4311 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй