
Хятадын 20 гаруй сая ам хүн амтай Бээжин хотод албан ёсны харьяалалтай монгол оршин суугч нийт 100 орчим мянга байдаг аж. ӨМӨЗО-ны их сургуулийг сэтгүүлчийн мэргэжлээр төгссөн Нарангоо өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу монгол хэл соёлоо түгээн дэлгэрүүлэх, хадгалан уламжлуулах зорилгоор Бээжин хотод 10 жилийн өмнө монгол үндэстний цэцэрлэг байгуулсан. Монгол үндэстний хэл соёлын өвийг хадгалан уламжлуулж, монгол үндэстний залгамж хойчийг эх хэлээрээ сургаж боловсруулахын төлөө мэргэжлийн чадварлаг боловсон хүчний багийг дайчилсан тус цэцэрлэг үйл ажиллагаагаа өргөтгөн Бээжингийн Монгол хэл соёлын цэцэрлэг, бага сургуулийн цогцолборыг үүсгэн байгуулснаа өнөөдөр албан ёсоор мэдэгдэж, хэвлэлийн бага хурал хийжээ.
Түүнчлэн тус арга хэмжээнд БНХАУ-ын Боловсролын яам, Үндэстний хэрэг эрхлэх зөвлөл, Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академи, Бээжин хотын Дашин дүүргийн боловсролын газар, Бээжингийн их сургууль, Чинхуа их сургууль, Төвийн үндэстний их сургууль, ӨМБИС болон Эдийн засгийн их сургууль, ӨМБИС-ийн Залуучуудын улс төрийн дээд сургууль, ӨМБИС-ийн Эрээн хот дахь Олон улсын салбар их сургууль, Хятадын найман муж орны монгол үндэстний Бэлтгэл сургалтын нийгэмлэг, Бага дунд боловсролын нийгэмлэг зэрэг Хятадын боловсролын байгууллагын удирдлагууд оролцов.
Үүнээс гадна “Наран” олон улсын боловсролын компани Бээжингийн боловсролын корпорацтай хамтран хятад монгол хос хэлний ангийг “Бээжин Шин Шин” сургуульд нээхээр болжээ. Тус хос хэлний ангийн элсэгчид нь хуваарьт хичээлээс гадна сагсны секц, уран бичлэгийн дугуйлан, үндэстний зан үйл, бокс, сурын харваа, бөх, морин спорт зэрэг чиглэлээр мэргэшин суралцах боломжтой аж.
Шинээр байгуулагдаж буй сургууль цэцэрлэгийн цогцолборт Хятад дахь монгол үндэстэн болон Бээжинд ажиллаж сурч амьдарч байгаа монголчууд төдийгүй монгол соёлыг сонирхогч гадаадын иргэд элсэхэд нээлттэй бөгөөд шинэ элсэгчдийг ирэх зургаадугаар сар хүртэл бүртгэх юм байна.
Эх сурвалж: CCTV
Бээжин хотын “Наран” Монгол цэцэрлэг цогцолбор болж өргөжжээ | ||
Үзсэн: 825 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.