Шууд Chart

Каталоны тэргүүн асан Карлес Пучдемон Европарламентад суухаар Брюссельд иржээ

2020-01-14 17:10:48

Каталоны тэргүүн асан Карлес Пучдемон Европарламентад суухаар Брюссельд иржээ. Өнгөрөгч тавдугаар сард Европарламентын гишүүнээр сонгогдсон тэрбээр даваа гарагт Бельгийн нийслэл Брюссельд ирэхдээ, Испанид саатуулагдсан Каталоны дэд тэргүүн Ориол Жанкерасыг суллуулах тэмцлээ үргэлжлүүлэх болно гэж мэдэгдсэн байна. Мөн Брюссельд хамт ирсэн Каталоны сайд асан Тони Комины хамтаар “Жанкерасыг сулла” хэмээн бичсэн зурагт хуудас барьж гудамжинд зогсчээ.

2017 онд Испанийн Каталон мужид салан тусгаарлах санал асуулга зохион байгуулсныхаа дараа Бельги рүү зугтан, Ватерлоо хотод нь амьдарч байсан энэ хоёр улстөрч, 2019 оны тавдугаар сард Европарламентад сонгогдсон ч, энэ том бүсийн хууль тогтоох байгууллагад гишүүнээр суух боломжгүй юм.

Тэгтэл “Европын шинэ парламентын анхны хуралдаан болсон өнгөрөгч долоодугаар сарын 2-ноос Пучдемон, Комин нар Европын орнуудын хууль тогтоогчдын нэг болох эрх нь үүссэн” гэж Европарламент өнгөрөгч баасан гарагт мэдэгдсэн байна. Харин Испанид баривчлагдаад байгаа Каталоны дэд тэргүүн асан Ориол Жанкерасыг Европарламентын гишүүн байх боломжгүй болсон гэж мэдэгдсэн байна. Учир нь “Испанийн дээд шүүх түүнийг улсын мөнгийг буруугаар ашигласан, бослого үймээнд турхирсан гэж буруутган парламентын гишүүн байх эрхгүй гэж дүгнэсэн”-ийг иш болгон тайлбарлажээ.

Каталоны тэргүүн асан Карлес Пучдемоны хувьд Бельгийн Ватерлоо хотод амьдарч байх хугацаандаа салан тусгаарлах санал асуулгаас үүдэлтэй Каталоны хямралыг Европын орнуудын нэг асуудал болгохын тулд цаашид ч хүчин чармайлт гаргах болно гэдгээ ил тод мэдэгдэж байсан юм. 

Нийтэлсэн: Mонголын радио

Каталоны тэргүүн асан Карлес Пучдемон Европарламентад суухаар Брюссельд иржээ  
Үзсэн: 638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй