
Монгол Улс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 21 аймаг, 330 сум, 1613 баг, нийслэлийн есөн дүүрэг, 152 хороонд хуваагддаг. Гэтэл Улаанбаатарын хүн ам жил бүр механикаар нэмэгдэж байна. Үндэсний статистикийн хороонooc өнгөрсөн оны эцсийн байдлаар гаргасан тоон мэдээллээс харахад нийт хүн амын бараг тал хувь нь нийслэлд бүртгэлтэй байна. (Мөн нийслэлд бүртгэлгүйгээр оршин суудаг болон шилжүүлэг хийлгэх сонирхолгүй олон тооны иргэн бий).Үүнээс Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг хамгийн их хүн амтай буюу 300 гаруй мянган оршин суугчтай. Гэтэл нийслэлийн дараах хүн ам их төвлөрсөн хот газар буюу Дархан-Уул, Орхон аймаг 100 орчим мянган хүн амтай. Харин бусад аймгийн хүн амын тоо 10-80 мянгын хооронд байна.
Иргэд яагаад Улаанбаатар хот болон суурин газар руу шилжээд байна вэ. Хүн аль болох өөрт болон гэр бүлд нь таатай, ажилтай, орлоготой, нийгмийн үйлчилгээг хангалттай авч чаддаг орчинд л амьдрахыг хүсдэг. Өнөөдрийн нөхцөл байдалд орон нутагт боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ тэгш бус, хүртээмжгүй, ажлын байр цөөхөн, бизнес эрхлэх нөхцөл хумигдмал, орлогогүй гэх мэт шалтгаанаар иргэд нийслэлийг зорьж байна. Нийслэлд шилжин ирэгсдэд тогтвортой ажлын байр олох нь тухайн хүний суурь боловсрол, нийгэмд эзлэх байр сууриас шалтгаалан харилцан адилгүй байдаг. Ялангуяа нийслэлд шилжин ирсэн 40-өөс дээш насныханд ажлын байрны сонголт хязгаарлагдмал болдог. Улмаар хүн ам буурсан аймаг, сумдаас Улаанбаатар руу шилжсэнээр нийслэлд хэт их төвлөрөл үүсч үүнээс үүдэн иргэдэд хүрэх нийгмийн болоод бусад үйлчилгээний хүртээмж тэр хэрээр багасч саад, бэрхшээл нэмэгдсээр байна.
Гэтэл Монгол Улсын 330 сумын 50 гаруй хувь нь 3000-аас доош хүн амтай байна. Нэгээс бага хувь буюу хүн ам буурсан 211(64 хувь) сум байна.Монгол Улсын нийт сумдын 50 гаруй хувь нь 3000-аас доош хүн амтай байгаа нь тэнд үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих боломж төдий чинээ багасаж байгаа гэсэн үг. 5000-аас дээш хүн амтай суманд хүртээмжтэй үйлдвэрлэл, үйлчилгээ, жижиг бизнес бий болж ажлын байр нэмэгддэг. Үүнийг дагаад иргэдийн амьдрах орчны чанар дээшилдэг. Гэтэл статистикаас харахад 100 гаруй сум 4000-аас дээш хүн амтай. Тиймээс иргэдийн амьдрах орчны чанарыг хангах, орон нутгийн хөгжлийн асуудлыг цогцоор нь шийдэх төрийн бодлого хэрэгтэй. Тухайлбал, орон нутаг орлоготой, өмчтэй байх, улмаар төсөв хөрөнгийг захиран зарцуулах орон зайг хуулиар олгож, онцлогоо хадгалан хөгжих бодит боломжийг нээх хэрэгтэй. Тэгвэл энэ оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөгдөх Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тогтолцоог сайжруулж, хот тосгоны өөрөө удирдлагын эрх зүйн үндэс бий болсон.
Улсын хөгжил сумаас, сумын хөгжил өрхөөс, өрхийн хөгжил хувь хүнээс эхтэй. Эсрэгээрээ зарим суманд иргэд улс төрийн үзэл суртлаасаа болж хуваагддаг. Тэгвэл иргэд нь эвлэлдэж нэгдэж чадсанаар хөгжиж буй жишиг сумд("Сумын төвийн шинэчлэл төсөл"-ийг амжилттай хэрэгжүүлж буй Дундговь аймгийн Гурвансайхан, Завхан аймгийн Алдархаан, Төв аймгийн Заамар,“Иргэдийн оролцоотой сумын хөгжлийн төлөвлөгөө”-гөө боловсруулсан Хэнтий аймгийн Норовлин гэх мэт) бий. Тиймээс иргэд төрөөс, орон нутгаас явуулж буй бодлого, үйл ажиллагаанд оролцож, ойлгох нь амьжиргаа болон амьдралын чанарт нөлөөлж байдгийг ойлгох нь чухал. Түүнчлэн иргэдийн бодит оролцоо, цаашлаад хяналт үнэхээрийн чухал юм.
Тухайлбал, зарим суманд тэгш ойгоороо морь, бөхийн бай шагналд өндөр шан харамж өгөх, хана хаалга, хөшөө барих ажлыг урдаа тавьдаг. Гэтэл тухайн суманд ажлын байр бий болгох, урт хугацаанд өгөөжөө өгөх бүтээн байгуулалт шинэчлэл хийх нь сумын хөгжил болоод иргэдийн амьдрал ахуйд нэн тустай ажил юм. Нэгэн жишээ дурдахад Улсын гарьд Ц.Цэрэнпунцагийн үүсгэн байгуулсан “Огторгуйн цагаан гарьд” сан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өөрийн хөрөнгөөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд иж бүрэн гэрэлтүүлэг хийж орон нутгийн удирдлагад нь хүлээлгэн өгсөн байна. Дээрх гэрэлтүүлэг нь нарны эрчим хүчээр ажилладаг бөгөөд мэдрэгчтэй, харанхуйд автоматаар асаж, унтардаг ухаалаг системтэй аж. Түүнчлэн Эрдэнэхайрхан сумын гудамжны гэрэлтүүлгийн төлбөрт сар бүр 2-3 орчим сая төгрөгийн зардал гардаг байсан бол нарны эрчим хүчээр тэжээгддэг гэрэлтүүлэг суурилуулснаар дээрх төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөж байгаа юм. Түүнчлэн тус сангаас энэ онд Завхан аймгийн бүх суманд дээрх гэрэлтүүлгийг суурилуулах ажлыг эхлүүлэхээр болсон юм.
Үүнээс гадна “Огторгуйн цагаан гарьд” сангаас Завхан аймгийн Улиастай сумын хоёр өрхийн эмнэлэгт тус бүр нь 30 сая төгрөгийн үнэ бүхий хамгийн сүүлийн үеийн иж бүрэн тоног төхөөрөмж хандивлажээ. Ийн иргэд цус, шээсний ерөнхий шинжилгээ өгөх, олон төрлийн сэргээн засах эмнэлгийн үйлчилгээг өрхийн эмнэлгээс авах боломж бүрдэж байна. Цаашлаад аймгийн нэгдсэн эмнэлгийн ачаалал буурч, иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хурдан шуурхай өрхийнхөө эмнэлгээс авах боломж нээгдэж байна.
Өөр нэгэн жишээ хэлэхэд, сум орон нутгийн удирдлага болон иргэд санаачилга, оролцоогоо нэгтгэснээр сум, сууриндаа хөгжил авчрах боломжтой сайн жишээг Дундговь аймгийн Гурвансайхан сумаас харж болно.
Монгол Улсын Засгийн газар 2012 оноос “Шинэ сум” сум төсөл хэрэгжүүлж 18 аймгийн 19 сумыг хамруулсан. Харин Дундговь аймгийн Гурвансайхан сумынхан Засгийн газраас хэрэгжүүлсэн дээрх төсөлд хамрагдаагүй ч өөрсдийн санаачилгаараа төсөл боловсруулан, гадаад болон дотоодын хөрөнгө оруулалт татсанаар орон нутагтаа бүтээн байгуулалтын ажил эхлүүлсэн. Ийн "Сумын төвийн шинэчлэл төсөл"-ийн хүрээнд сумын ерөнхий төлөвлөлт, гадна ус хангамж, ариутгах татуургын систем, дулаан хангамжийн шугам сүлжээ, авто зам (явган зам, гэрэлтүүлэг), гадна тохижилт буюу айлуудын хашаа, төв талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн зэрэг бүтээн байгуулалтыг төлөвлөж, хэдийн хэрэгжүүлж эхэлсэн.
Аймаг, сумдад нийслэлийг бодвол утаа униар, түгжрэлгүй, элдэв стресс багатай зэрэг олон давуу тал бий. Тэгвэл хөгжил дагаж хот суурин газар руу зүглэх бус оролцоогоо идэвхжүүлж, эвлэлдэн нэгдсэнээр өссөн, төрсөн нутгаа хөгжүүлэх боломж иргэн бүрт бий.
Улсын хөгжил сумаас эхэлдэг | ||
Үзсэн: 4045 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.