
Тус олимпын наадмын гүйлтийн цанын 1.8 км зайн буюу чөлөөт тэшилтээр 900 метр тойрог замыг хоёр удаа тойрох уралдаан энэ сарын 18-нд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус төрөл урьдчилсан уралдааны эхний 30 тамирчин хагас шигшээд шалгарч, хагас шигшээ уралдааны эхний 10 байр эзэлсэн тамирчин шигшээ уралдаанд оролцох журмаар явагдав.
Эмэгтэйчүүдийн гараанд 80 тамирчин уралдсанаас Швейцарын Ш.Виггер /4:39.95/ алт, Шведийн М.Русенберг /4:40.72/ , Т.Эрикссон /4:41.10/ нар мөнгө, хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн уралдаанд 85 тамирчин өрсөлдсөнөөс Норвегийн Н.Холмбю /4:08.27/ алт, Шведийн Э.Ангер /4:11.74/ мөнгө, А.Острём /4:13.51/ хүрэл медаль хүртлээ.
"Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпын наадмын Гүйлтийн цанын төрөлд Монгол Улсаас Б.Номин-Эрдэнэ, Д.Урангоо, О.Золбаяр, Б.Хонгор нар олимпын эрхээ хүртэн оролцож байгаа юм.
МОНГОЛЫН ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ДҮН - 1.8 КМ ЧӨЛӨӨТ ТЭШИЛТ
Эмэгтэйчүүд:
Б.Номин-Эрдэнэ - 5:58.79/+1:14.88/ - /57 дугаар байр/
Д.Урангоо - 6:26.51/+1:42.60/ - / 69 дугаар байр/
Эрэгтэйчүүд:
О.Золбаяр - 4:58.58/+47.92/ - / 60 дугаар байр/
Б.Хонгор - 5:14.85/+1:04.19/ - / 72 дугаар байр/
"Лозанн-2020" Залуучуудын өвлийн Олимпын наадмын Монголын баг тамирчин өрсөлдөж буй гүйлтийн цанын хоёр дахь уралдаан энэ сарын 19-нд боллоо.
Гүйлтийн цанын спринт нь төрөл чөлөөт тэшилтийн техникээр эмэгтэйчүүд 1.2 км, эрэгтэйчүүд 1.5 км-ийн зайг туулах уралдаан бөгөөд урьдчилсан гарааны эхний 30 тамирчин хагас шигшээд шалгарч, хагас шигшээ уралдааны эхний 10 байр эзэлсэн тамирчин шигшээ уралдаанд оролцох журмаар явагддаг онцлогтой.
Эмэгтэйчүүдийн гараанд 82 тамирчин уралдсанаас Швейцарын Ш.Виггер 2:46.40 амжилтаар энэ удаагийн наадмын хоёр дахь алтан медалиа хүртсэн бол Норвегийн А.Хегген /2:47.87/ мөнгө, Шведийн М.Русенберг /2:48.92/ хүрэл медаль хүртжээ. Харин эрэгтэйчүүдийн уралдаанд 86 тамирчин өрсөлдсөнөөс Шведийн тамирчин Э.Ангер 3:10.47 амжилтаар алт, Норвегийн ихэр тамирчин Николай Холмбю /3:10.97/, Александр Холмбю /3:15.51/ нар мөнгө, хүрэл медал хүртлээ.
МОНГОЛЫН ТАМИРЧДЫН ТЭМЦЭЭНИЙ ДҮН - СПРИНТ ТӨРӨЛ
Эмэгтэйчүүд:
- Б.Номин-Эрдэнэ - 3:18.09/+31.81/ - / 60 дугаар байр/
- Д.Урангоо - 3:27.22/+40.94/ - / 67 дугаар байр/
Эрэгтэйчүүд:
- О.Золбаяр - 3:44.37/+35.65/ - / 61 дугаар байр/
- Б.Хонгор - 4:02.06/+53.34/ - / 74 дугаар байр/
Ташрамд хэлэхэд, Монгол Улсын тамирчид энэ сарын 21-нд буюу маргааш Улаанбаатар хотын цагаар 20:00 цагт дараагийн уралдаан буюу классик тэшилтийн эмэгтэйчүүдийн таван км, эрэгтэйчүүдийн 10 км-н зайд хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөнө.
Эрхэм уншигч та бүхэн Дэлхийн спортын шинэ оддын шигшмэл өрсөлдөөн бүхий "Лозанн-2020" Залуучуудын өвлийн олимпын III наадмыг "MNB Спорт" сувгаар өдөр бүр хүлээн авч үзээрэй.







"Лозанн-2020": Монголын цаначид маргааш гурав дахь уралдаандаа оролцоно | ||
Үзсэн: 743 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.