
Монгол Улсын хүн амын дунд сүүлийн 20 гаруй жил нийтлэг, урьдчилан сэргийлж, эрт үед нь илрүүлж эмчлэх боломжтой халдварт бус өвчин, өвчлөл нэмэгдэж, үр бүтээлтэй ажиллах чадамжтай хөдөлмөрийн насныхны дунд зонхилон тохиолдож байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болсон. НҮБ-ын төрөлжсөн байгууллагын хамтарсан багаас 2015-2016 онд хийсэн үнэлгээгээр манай хүн амын нийт нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчлөл эзэлж байгааг тогтоожээ.
Мөн Засгийн газраас хэрэгжүүлсэн Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Сүрьеэ, БЗДХ, ХДХВ/ДОХ-той тэмцэх, сэргийлэх үндэсний стратегийн хэрэгжилтийн үр дүнд халдварт өвчний тоо 2016 оноос хойш тогтмол буурч байгаа хэдий ч зарим халдварт өвчний тухайд ихсэх хандлага байсаар байна.
Тиймээс Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Халдварт болон халдварт бус өвчинтэй тэмцэх, сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрүүд, Засгийн газар болон нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан сайжруулах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эрт илрүүлэгийг тогтмол хийснээр сэргийлж болох өвчлөл, эндэгдлийг бууруулан монгол хүний дундаж наслалтыг уртасгах үндсэн зорилтын хүрээнд ЭМЯ, НЗДТГ, НЭМГ-аас олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.
Үүний нэг нь иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эрт илрүүлэгт хамруулснаар зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнийг эрт оношлон эмчлэн эрүүлжүүлэх зорилго бүхий “Эрүүл иргэн” аян юм. НЗДТГ, НЭМГ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл иргэн” аян энэ онд гурав дахь жилдээ зохион байгуулагдахаар болж, өнөөдөр дүүргүүдэд нээлтээ хийлээ.
Дээрх аяны хүрээнд нийслэл хотын хороо, өрхийн эрүүл мэндийн төв бүрт нарийн мэргэжлийн 7-8 чиглэлийн эмч мэргэжилтэн иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийж зөвлөгөө өгдөг. Түүнчлэн уг аян иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, тусламж үйлчилгээг ойртуулсан үйл ажиллагаа болсон юм.
Тэгвэл
П.Давхарбаяр: Эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдаагүй, эрүүл мэндийн даатгалгүй иргэдэд үзлэг, шинжилгээ хийнэ
Аяны нээлтийн үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч П.Давхарбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-“Эрүүл иргэн - 2019” аяны хүрээнд Сүхбаатар дүүргийн хэчнээн тооны иргэн оношилгоо, шинжилгээнд хамрагдсан бэ?
-Өнгөрсөн жил “Эрүүл иргэн” аяныг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, 1-20 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв хамтран дүүрэгтээ зохион байгуулж, 12 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, дөрвөн төрлийн хурдавчилсан оношлуур, 5 төрлийн багажийн шинжилгээ, оношилгоонд дүүргийн 1-20 дугаар хорооны 10385 иргэнийг буюу нийт хүн амын 7.1 хувийг хамруулсан. Ийн элэгний хавдар 18, умайн булчингийн хоргүй хавдар 1, умайн хүзүүний хавдрын урьтал эмгэг хоёр, умайн хүзүүний уйланхай тав, өндгөвчний уйланхай зургаа, элэгний В вирусийн халдвар 10, С вирусийн халдварын 16 тохиолдлыг илрүүлэн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээнд цаг алдалгүй хамруулж, эрт үед нь оношилсон.
-Нийслэлд түр оршин сууж буй иргэд бүртгэлгүй, шилжүүлгээ хийлгээгүйн улмаас эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй. Тэдгээр иргэд “Эрүүл иргэн - 2020” аянд хамрагдах боломжтой юу?
-Бүрэн боломжтой. “Эрүүл иргэн” аян эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс орхигдсон, эрүүл мэндийн даатгалгүй зэрэг зорилтот бүлгийн иргэдэд хүрч үйлчилж, эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдгээрээ ач холбогдолтой. “Эрүүл иргэн - 2020” аян өнөөдрөөс эхэлж ирэх зургаадугаар сарын 20 хүртэл үргэлжилнэ. Тиймээс иргэдийг эрүүл мэнддээ анхаарал хандуулж, үзлэг, оношилгоонд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Энэ жилийн “Эрүүл иргэн” аяны хүрээнд ЭМЯ-ы харьяа төв эмнэлэг, төрөлжсөн болон тусгай мэргэжлийн төвүүдийн эмч мэргэжилтнүүд дүүргийн эмч нартай хамтран үзлэг, оношилгоо хийнэ. Мөн тус аяны хүрээнд хүн амын дунд өвчлөл өндөр байгаа зүрх судас, хавдар, хүүхэд, мэдрэл, чих хамар хоолой, нүд болон бусад чиглэлийн үзлэг хийгдэхээс гадна улсын хэмжээнд явагдаж байгаа “Тэмбүүг устгая” арга хэмжээ, Сүрьеэгийн халдварыг бууруулах болон “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй багажийн болон лабораторийн оношилгоо хийгдэх юм байна.
Ташрамд хэлэхэд, халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлснээр өвчлөл, эндэгдлээс сэргийлэх бүрэн боломжтой. Тиймээс иргэдийг харьяа дүүрэгтээ үзлэг, шинжилгээнд бүрэн хамрагдахыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас уриалж байна.





“Эрүүл иргэн - 2020” аяны нээлт боллоо | ||
Үзсэн: 1260 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.